Үндсэн хуулийн цэцийн гишүүд өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, Цэцийнхээ даргыг сонгов. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн хэлэлцэж, саналыг нууцаар хураан, нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно гэсэн хуулийн заалттай.
Үндсэн хуулийн цэцийн даргын сонгуульд Цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Н.Жанцан, Д.Сугар нарыг дэвшүүлэн хэлэлцсэн байна. Үндсэн хууль дахь “Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн заалтыг үндэслэн Цэцийн даргаар өмнө нь хоёр удаа сонгогдон ажилласан Н.Жанцан нэрээ татжээ. Ийнхүү нууц санал хураалтын дүн гарахад олонхийн саналаар Цэцийн даргаар Жүгнээгийн Амарсанаа сонгогдов.
Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон туршлагатай юм. Тэрбээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, профессор ба хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг хамгаалжээ.
Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болдог.
Б.ЭНХЭЭ