Сонгуулийн санал хураалт болоход 28 хоног үлдээд байна. Анх удаа саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр тоолж, бүртгэлийг цахимаар хийнэ. Үүнд шаардлагатай техник, технологио СЕХ-ныхон гаднаас авч бэлэн болгожээ.
Сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаа, сонгогчид юу анхаарахтай холбоотой мэдээллийг Парламентын сэтгүүлчдийн холбоо(ПСХ)-ноос өчигдөр сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан “Сонгуулийн эрх зүйн орчин” сэдэвт сургалтын үеэр СЕХны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн өгсөн юм.
Мөн иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг УБЕГ-ынхан өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Сонгуулийн үйл ажиллагааг иргэдэд мэдээлэхийн тулд сэтгүүлчид зөв ойлголт, мэдээлэлтэй байх ёстой учраас ПСХ-ноос ийм сургалт зохион байгуулжээ.
Санал өгөхдөө нэр дэвшигч болон намын өмнөх дугуйг дүүргэн будна
УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорчихсон, түрүүчээсээ бүртг үүлээд үнэмлэхээ авч эхэлсэн. Жагсаалтаар өрсөлдөх хүмүүсээ намууд СЕХ-нд бүртгүүлэх хугацаа ч өчигдрөөр дуусгавар болсон. Тойргийн хороод нэр дэвшигчдээ бүртгээд дуусмагц нэгдсэн мэдээллийг СЕХнд ирүүлж, улмаар олон нийтэд зарлах юм. Одоо СЕХ зургаадугаарсарын 6-наас хэсгийн 1908 хороо руу саналын хуудас, түүнийг тоолох төхөөрөмжийг хүргүүлэх аж. Хуулийг шинэчлэн найруулсан, сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж буй учраас өмнөх таван сонгуулиар хэвшсэн зарим зүйл өөрчлөгдсөнийг СЕХ-ноос иргэдэд анхааруулж буй юм. Юуны өмнө сонгогчийн үнэмлэх гэж байхгүй болсон. Энэ “урилгыг” нь өгөхөөр л иргэд саналаа өгөхөөр хүрэлцэн очих ёстойгоо мэдэрдэг байсан үе өнгөрчээ.
Одоо иргэд www.burtgel.mn цахим хуудсаар орж, сонгогчдын нэрсийн жагсаалтад багтсан эсэхээ хянах боломжтой. Хэрэв тэнд зөрчил гарсан, эсвэл бүртгэгдээгүй байвал ирэх сарын 18-наас өмнө бүртгэлийн байгууллагад хандан засуулах хэрэгтэй аж. Ингээд хурууны хээгээ уншуулснаар санал өгөх эрх нь нээгдэнэ. Саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн болон намуудын гэсэн хоёр янзын нэрс бий. Сонгогч сонгох нэр дэвшигч болон нэг намын өмнөх дугуйг дүүргэн будах юм байна. Өмнө нь нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлдаг байснаа болисон гэсэн үг. Дугуйг дутуу юм уу илүү гаргалгүй тааруулж будахгүй бол машин уншихгүй гэнэ. Тэгэхээд сонгогчдоос нэлээд “ур чадвар” шаардах аж. Гэхдээ бага зэрэг илүү гаргаж, дутаахад бол асуудалгүй. Тойргоосоо бүр хальж зурж болохгүй л гэсэн үг юм.
Хэрэв хуудсаа буруу бөглөсөн бол сонгогч нэг удаа дахин хуудас авах боломжтой. Мөн саналын хуудсан дээр гарын үсгээ зурах, өөр янз бүрийн тэмдэглэгээ санаатай хийх замаар сонгууль будлиантуулах асуудал гарч болзошгүй хэмээн гишүүд болгоомжилж байсан билээ. Тэгвэл сонгогч саналын хуудсаа бөглөөд тэмдэглэсэн хэсгийг далдалсан тусгай уутанд хийх аж. Ингээд саналын хуудас унших машины хажууд зогсох ажилтанд хянуулна. Ажилтан зөвхөн илүү тэмдэглэгээ байгаа эсэхийг хянаад машинд хуудсыг иргэн өөрөө хийнэ. Ийм замаар машинд хүчингүй хуудас орохгүй байх боломжийг хангажээ. Сонгуулийг санаатай будлиулахыг оролдсон иргэнд таван жил хүртэл хорих ял оноох гэнэ. Гэхдээ хурууны хээн дээр тулгуурласан нэгдсэн мэдээллийн сан байгаа учир давхар санал өгөх боломжгүй юм.
Нийслэлийн сонгогчдын тухайд УИХ-ын болон НИТХ-д нэр дэвших хүн, намын нэрийг дугуйлна. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар биеэр очиж санал өгөх боломжгүй иргэд энэ тухайгаа урьдчилан мэдэгдсэнээр зургаадугаар сарын 27-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар авна. Мөн хоригдож буй болон төрийн ажлаар дайчлагдсан хүмүүсийн саналыг уг хайрцгаар авах гэнэ. Саналыг зургаадугаар сарын 28-нд 07.00-20.00 цагийн хооронд авахыг сануулав. Өмнөх шигээ 22.00 цагаас өмнө амжуулна гээд налайн сууж болохгүй нь.
Д.Баяндүүрэн: Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол сурталчилгаагаа эхэлж болно
Сонгуулийн хуультай холбоотой ойлгомжгүй, тодорхойгүй асуудал олон гарч буй. Энэ талаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс зарим зүйл тодрууллаа.
-Сонгуулийн хуулийн сурталчилгаатай холбоотой хэсэгт нам, эвсэл нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан 20 хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас тарааж болно гэсэн байгаа. Энэ нь тухайн намаас нэр дэвшигчдийн сурталчилгааны нийт хэмжээ юм уу, нэг хүн хэдий хэмжээний хэвлэлийн хуудас бүхий сурталчилгаа гаргаж болох нь тодорхойгүй байна. Үүнийг яаж ойлгох юм бол?
-А1-ийн хэмжээг нэг хэвлэлийн хуудас гэж ойлгохоор тогтсон. Тэр асуудлыг СЕХ дээр ярьж байгаа. Сонгуулийн хуулийн ойлгомжгүй заалтуудыг СЕХ тайлбарлах боломжгүй л дээ.
-Хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарь дээр нэр дэвшигчид Тойргийн хороондоо бүртгүүлж, үнэмлэх авснаар сурталчилгаагаа эхэлнэ гэсэн. Гэтэл хэрэгжих хугацааг нь зургаадугаар сарын 6-наас гээд заачихсан. Одоо үнэмлэхээ авчихсан нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж болох юм уу?
-Цаг хугацааны хуваарь дээр цаад хугацааг нь л заасан юм. Тойргийн хороондоо бүртгүүлж үнэмлэхээ авсан хүмүүс сурталчилгаагаа эхэлж болно.
-Телевизийн сурталчилгааны олон хэлбэр байгаа. Шторк гэх мэт нь сурталчилгааны цагтаа багтах уу?
-Үүнийг Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газар шийднэ.
-Нэр дэвшигчид түрүүчээсээ сурталчилгаагаа эхэлж байхад түүнийг хэвлэх, нэвтрүүлэх хуудас, цагийн хэмжээ тодорхой биш. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн байгууллага асуудалд орвол хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ?
-Хууль гарчихсан. Үүний дагуу л явна. Үнэндээ нэг нэр дэвшигчид хэвлэлийн хэдэн хуудас сурталчилгаа ногдохыг СЕХ тогтоохгүй. Хуулийн ойлгомжгүй заалтыг бид тайлбарлах эрхгүй. Ойлгомжгүй заалтуудаа тайлбарлаач гэж Дээд шүүхэд гурван ч удаа хандсан. Тэд “Хуулийг хэрэгжүүлээд маргаан гарсан үед л тайлбарлана” гэсэн хариу өгсөн. УИХ-ын гишүүд СЕХ-ноос “Би ийм арга хэмжээнд оролцож болох уу” гээд асууж байна. СЕХ болно, болохгүй гэж хэлэхгүй шүү дээ. Оролцох эсэх нь тэр хүний эрх, Сонгуулийн хуулийг тэд баталсан биз дээ.
-Тойргийн хорооны саналын дүн хэдий хугацааны дараа гарах вэ?
-Санал хураагаад дуусмагц машин 10-20 минутын дотор дүнг хэвлэнэ. Төхөөрөмж битүү сүлжээнд ажиллана. Санал хурааж дүн гаргасны дараа модем холбоод СЕХ руу тухайн дүнг илгээж, нэгтгэх юм.
1.839.984 сонгогч бүртгэгджээ
Бүртгэлийг үнэн зөв хийхийн тулд иргэдийн хурууны хээг уншуулах төхөөрөмж ашиглахаар болсон. Хурууны хээний нэгдсэн мэдээллийн санг санал хураах өдөр хэсгийн 1908 хороонд харьяаллаар нь хүргүүлэх юм. Уг мэдээлэлтэй харилцах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2934 ажилтныг томилжээ. УБЕГ-ын Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан орлогч дарга Г.Энхтайван энэ талаар “Энэ сарын 1-ний байдлаар сонгуулийн насны 1.839.984 сонгогч бүртгэгдсэн байна. Үүний 30837 нь гадаадад суугаа монгол иргэд” гэлээ. УБЕГ-ын Мэдээлэл, технологийн газрын дарга Б.Чинбат “Сонгогч саналаа өгөхийн тулд нэрсийн жагсаалтад орсон байх, иргэний үнэмлэхтэй ирэх ёстой. Ингээд хурууны хээгээ уншуулж, түүнийг иргэний үнэмлэхтэй тулгаад асуудалгүй бол гурван ширхэг тасалбар хэвлэнэ. Үүний нэгийг сонгогч бүртгэлийн, нөгөөг саналын хуудас олгох ажилтанд өгч, үлдсэнийг нь өөрөө авах юм.
Өмнөх сонгуулиар тухайн хүн санал өгснийг хуруун дээр нь тэмдэг тавьж баталдаг байсан бол одоо үүний оронд тасалбар ашиглаж байгаа гэсэн үг. Саналын хуудсыг тасалбартай тулгахад тоо нь нийлж байх ёстой” гэсэн мэдээлэл өгөв. Мөн энэ сарын 1-ний байдлаар иргэний үнэмлэхээ гээсэн, хугацаа нь дууссан 64940 хүн байгаа. Тэдэнд цахим үнэмлэх олгох шийдвэр гарсан билээ. Эдгээр иргэний цахим үнэмлэхийг хэвлээд дуусчээ. Болж өгвөл хороо, сумдаар нь дамжуулан иргэдийн гэрт хүргэх гэнэ. Гэхдээ иргэд алгаа тосоод хүлээгээд суулгүйгээр өөрсдөө хороо, дүүргээсээ очиж цахим үнэмлэхээ авах үүрэгтэй.
Тавдугаар сарын 1-нээс хойш иргэний үнэмлхээ гээсэн, алдсан хүмүүсийн тоог зургаадугаар сарын 1-нээр тасалж аваад 10-ны дотор хэвлэж өгөх гэнэ. Үүнээс хойш иргэний үнэмлэхээ алдсан бол сонгуульд оролцож чадахгүй, хэвлэх хугацаа байхгүй ажээ. Гадаадад байгаа иргэдийн тухайд 39 салбар комисс байгуулан зургаадугаар сарын 10-нд саналыг нь авч, битүүмжлээд СЕХ-нд хүргүүлнэ. Мөн УИХ-ын анхдугаар чуулганы дэг, эрх зүйн зохицуулалтын талаар Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал мэдээлэл өгсөн. Үүний дараа хурууны хээ таних болон саналын хуудас унших төхөөрөмжийг сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Хурууны хээг таних төх өөрөмж маш авсаархан. 10 хурууны хээгээ иргэд бүртгүүлсэн учир аль нэг хуруугаа түүн дээр тавихад холбогдох бүх мэдээлэл гарна. Саналын хуудас тоолох машины тухайд СЕХ-ноос өгсөн машин бүрт тусгайлан тохирох түлхүүр, хэсгийн хороо тус бүрт ажиллах даамлын хийх кодтой хавсран ажиллана. Ингээд нэг хуудсыг 5-8 секундэд унших юм байна.
С.ТУУЛ