С.Батболд уг нь зөөлөн хүн. Түүний энэ чанарыг шүүмжилдэг хүн байдаг л байх. Гэхдээ тэр зөв хүн. Гэвч тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр Ерөнхий сайд С.Батболд “Сонгууль дөхөхөөр улс төрийн намын алдааг гэнэт олж хараад байгаа нь анхаарал татаж байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон АТГ-ыг “зөөлөн” түншив. Зөөлөн ч бас биш юм.
Сонгуулийн сургаар сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлын задаргааг шулуухан хэлж орхисон нь энэ. МАН-ын дарга “Авлигатай тэмцэх ёстой. Гэхдээ тэмцэх зарчим нь шударга байх ёстой” гэж мэдэгдэж байна. Үнэндээ авлигатай тэмцэх зарчмын тухай жинтэй дуугарсан эхний хүн С.Батболд байлаа. Авилгатай тэмцэж буй нь сайн хэрэг боловч авлигаар хөшиг хийж, аавын хөвгүүд, улс төрийн намуудыг хэлмэгдүүлээд байж таарахгүй.
АН-ын Ерөнхийлөгч гэдгээ сүүлийн үед байн байн сануулах болсон Ц.Элбэгдорж авлигатай иймэрхүү байдлаар тэмцэж буй нь “Муу хүнд үг бүү дуулга, мухар үхэрт худаг бүү үзүүл” хэмээх ардын цэцэн үгийг аргагүй сануулж байгаа. Нөгөө талаар түүний мөн чанар, хүн чанарын асуудал энд хөндөгдөж буй юм. АН-ын хувьд 2012 оны сонгууль урьд байгаагүй давуу талыг авчирч буй нь маргашгүй үнэн. Өөрийн гэж өмчлөх Ерөнхийлөгчтэй, Шүүхтэй, Прокурортой, АТГ-тайгаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх алтан боломж тэдэнд ирэв. Хамтарсан Засгийн газрын амжилтаас хуваалцах “нүүр” бас тэдэнд бий. Гэхдээ эндээс нэг л эвгүй үнэр үнэртээд байна.
Н.Багабанди Ерөнхийлөгч байх үедээ МАН-ын сонгуулийн ажилд ингэтлээ хошуу дүрж, улс төрийн намуудын дунд эрх мэдлээрээ далимдуулан ялгаварлан гадуурхах ажиллагаа явуулж байсан нь үгүй. Н.Энхбаярыг ч бас ийм болчимгүй алхам хийж байгаагүй гэдгийг зориуд дурдъя. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн эрх, үүргийн хүрээнд өөртөө олгогдсон эрх мэдлийг, харьяа төрийн байгууллагуудаа улс төрийн шууд зорилгоор залж чиглүүлж буй анхны тохиолдол Ц.Элбэгдоржоор овоглох бололтой. МАН-ын Ц.Анандбазарыг нэр дэвших эрхээ өвөрлөн намынхаа байрнаас гарах үед баривчилсан явдал цаг хугацааны хувьд ингэж хардах шалтгаан болж буй юм. Үүнээс олон шалтгаан тоочиж бас болно.
МАН-ын Засаг дарга нар гэсэн шошготой хэрэг бий. Саяхан Э.Мөнх-Очирыг шалгаад буцаалаа. Авлигын тухай ярих гэж байгаа бол энэ сэдэв АН-д ч бас хамаатай. Ээлжлэн төр барьж, олонх цөөнх болон урд хойноо орон өнөөг хүрсэн улс төрийн хоёр том хүчний аль алинд “но” байдаг. “Но”-той гишүүд ч байдаг нь нууц биш. Тэр ч байтугай нам харгалзалгүй тас тэврэлдэж, таг шивнэлдэж явсан жишээ олон. Нэг үхрийн хоёр эвэр шиг энэ хоёр нам ижилдэхдээ ижилсэж, тэмцэлдэхдээ тэмцэлдэн өнөөг хүрсэн. Гэтэл нэг үхрийн эвэр доргиход нөгөөх нь чичрэх ч үгүй байгаа нь сонин. Авлигатай тэмцэх нь хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр биш. Нөгөө талаар хүний эрх чөлөө, нэр хүнд гэдэг улс төрийн тоглоомын “хөзөр” төдий зүйл биш. Гэвч нэгэнт эвгүй тоглоом эхэлчихлээ. АТГ-ынхан яагаад ч юм МАН-ыг хараалж, дуран авайгаа тохируулах болов. Үүнийг олон нийт анзаарч, мэдэж, ярьж байна. Энэ нь л хангалттай дүгнэлт гэдгийг хэлэх хэрэгтэй.
АН-ын гишүүдэд авлига өгч, авч явсан бизнесийнхэн АТГ хэний захиалгаар, юуны төлөө ажиллаад байгааг мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Тэгээд үнэн хаана байгааг гайхахын эрхэнд АН-ыг үзэн ядаж, АТГ-ыг өрөвдөн шоолж, Ц.Элбэгдоржоос сэмхэн эмээж буй. Сүүлийн 20 жил авлигын шаварт хутгалдаагүй улстөрч байтугай энгийн иргэнийг олоход хэцүү болсон. Үүдэндээ цэцэг тарихдаа хүртэл хорооны даргаас эхлээд “хов зөөх” хэрэгтэй болдог нь бодит байдал. АТГ сайн ажиллаж байна гэж онгироох хэрэггүй юм. Нийслэлийн үнэ цэнэтэй газруудад, хуучин байшинтай хана залгаж шахам сүндэрлэсэн өндөр байшин, өргөн дэлгүүр болгоны эздийг шалгахад авлига тэнд байж л байгаа. Хувьдаа ашигт малтмалын лицензтэй, дархан цаазат Богдхан ууланд орон сууц сүндэрлүүлсэн эрхтэн дархтан бүхний ард авсан өгсөн авлигын асуудал бий. Энэ тохиолдол МАН, АН-ын гишүүдийн хэн хэнд нь байгаа гэхэд гайхах хэрэггүй.
Олны нүдэн дээр илэрхий олон авлигын хэрэг байдаг. Тэдэн дотор АН-ынхан цохиж л явааг ч ард түмэн мэддэг, шүүдэг, хэлэлцдэг. Түмний шүүхээс мултраагүй үнэн Ц.Элбэгдоржийн шүүхээс мултарч, АТГ-ын хяналтаас алдуураад байгааг улстөржилт гэж ойлгохоос өөр арга үгүй юм. Нэг үгээр хэлбэл энэ бол хуншгүй зан. Шалгавал адилхан шалгаж, адилхан л хэргийг нь илчлэх хэрэгтэй. Тэгвэл ард түмэн баярлана. Улс төрийн ялгаварлан гадуурхах ажиллагаа явуулан, Н.Энхбаяраар шоу хийж, МАН-аар тоглоод, АН харин “их хааны” ивээлд хангалуун үлдэж байгаа бол хоншооргүй араншин гэж үүнийг нэрлэе.
Цөс ихтэй хөвгүүд, цөлх хөгшид, хайлган ээж, ханилгаатай ах нар үүнийг харж, шоолж байна. Монгол ухаанаар шүүж байна. Тэгээд буруу хүнд эрх мэдэл өгвөл буу агсаж, сэлэм зүүгээд явуулснаас ялгаагүй аж хэмээн хэлэлцэж байна. Энд хүн чанарын, итгэл үнэмшлийн, мөн чанарын тухай яригдаж буй. Авлигыг шүүхэд ч бас мөн чанар хэрэгтэй аж. Хүн чанараа төлөвшүүлж, авч үлдэж чадаагүй хүн төрийн хүн байж чадах уу? Энэ үг Ц.Элбэгдорж, АН хоёрын хоёуланд нь хамаатай. Адилхан дэггүйтсэн хоёр хүүгийнхээ нэгийг нь зэмлээд, нөгөөгийнх нь толгойг илснээс ялгаа юун? Ээжийн хувьд би хоёуланг нь адилхан гөвнө.
Нэгийг нь гөвөөд, нөгөөгийнх нь толгойг иллээ гэхэд тэртэй тэргүй цаг хугацаа, амьдрал тэднийг огтхон ч ялгалгүй ухаарлаар ташуурдах нь үнэн юм хойно. Хөвгүүддээ хоёр нүүр гаргаж зэмлээд ч яахав. Монгол ээжээс ийм ухаан гардаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс харин гарахгүй л байна даа.
Р.Эмүжин