УИХ-ын энэ жилийн сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлээд байгаа. Хоёр эвслийн нэг нь БНН-Хамуг Монголын хөдөлмөрийн намын "Гурав дахь хүчин" юм. Энэ эвсэл ихээхэн зузаарч сонгуульд оролцох аж. Бараг 10-аад жил гудамжинд жагсаал, цуглаан хийж, өлсгөлөн ч хүртэл зарлаж, тэгснээ зарим тэмцэгч, бараг лидер гэгдэж байсан хүмүүсээ зарим нам руу урвуулж алдсан иргэний хөдөлгөөнийхөн "Гуравдагч хүчин" эвслийн бүрэлдэхүүнд нэгдэж сонгуульд оролцох болсноо өчигдөр зарлав. Манайд иргэний олон хөдөлгөөн бий. Тэднээс Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн (ЭНИХ), Эрс шинэчлэл, Шударга иргэдийн фронт, Хохирогчдын нэгдсэн холбоо, Үндэсний хас хөдөлгөөн, Нийслэлийн уугуул иргэдийн холбоо, Тусгаар тогтоол эвсэл, Шударга ёс бүлгэм зэрэг 10 нь ийм санаачилга гаргасан байна.
Тэдгээрийн төлөөлөл өчигдөр сэтгүүлчидтэй уулзсан юм. Газар нутаг маань харийнхны гарт лиценз гэх бичгээр очиж байна. Монголчууд бид эх нутагтаа эзэн нь байхаа болилоо. Сонгуулийн үеэр аливаа амлалт авахыг хуулиар хорьсон ч маш их мөнгө нэгэнт хөдөлгөөнд орсон байна. Ухуулга хийхэд оролцсон хүнд л гэхэд наад зах нь нэг сая төгрөг амлаж явна. Сайтуудыг мөнгөтнүүд худалдаж авчээ. 250 оюутан хөлслөөд сайтаар ухуулга хийж байна. Тэр ч бүү хэл "Ажнай", "МСS", МАК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд улс төрийн намыг ч худалдаад авчихаж. Улаанбаатарыг маань Утаанбаатар, хогийн сав болгов. Үхрийн хамгийн сайн махаа нэг кг-ыг нь 5000 төгрөгөөр гадагш нь гаргаж буй мөртөө иргэдээ 10000 төгрөгөөр зарж байна. Энэ бол эрх баригчдын МАН, АНын удирдлагад байгаа цөөн хүний хийж буй ажил. Иргэний хөдөлгөөнийхөн ингэж хэлээд, 22 жилийн дотор эх орноо юу ч биш болгосон авлигачидтай халз өрсөлдөж, сонгуулийн хувьсгал хийхээр шийдсэнээ мэдэгдлээ.
Эх орноо худалдаж, ард олондоо ашиггүй гэрээ хэлэлцээрийг гаднын байгууллага хүмүүстэй хийж хариуд нь хахууль авсан этгээдүүд ичих ч үгүй дахиад эрх мэдэлтэй болохоор Парламентын сонгуульд нэрээ дэвшүүллээ гэж тэд үзэж, тойрогт халз өрсөлдөхөөр шийджээ. Үүнийгээ "ам угтуулаа авч байна" гэж хэлэв. Тухайлбал, ЭНИХ-ний Б.Хосбаяр ЭБЭХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригтыг амлаж авчээ. Иргэний хөдөлг өөнд эхэн үеэс нь оролцсон Л.Баярхүү АНын нэг эрхмийг лицензийн наймаагаар хөлжс өн гэж үздэгээ нуусангүй. Түүнтэй иргэний хөдөлгөөнийхөн өөрийн хүнийг үзэлцүүлэх гэнэ. Л.Баярхүү өөрөө Ерөнхий сайдын зөвлөх болсон Б.Лхагважавтай "нэгийгээ үзэх" аж. Б.Лхагважав иргэний хөдөлгөөнд оролцож байсныг уншигчид мэдэх байх. Хамтран тэмцэж явсан нөхөд нь түүнийг одоо "Урбанек"-ийнх биш "урваанекийнх" болсон гэлцдэг юм байна.
Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нийслэлийн Баянгол дүүрэгт МАН-ын Ц.Мөнх-Оргилтой халз үзэхээр шийджээ. УИХ-ын гишүүнээр нэг бус удаа сонгогдсон ч олигтой байгаагүйн олны дотор нэр хүнд нь унасны улмаас тойрогт, нутагтаа өрсөлдөөд ч намдаа суудал авчрах найдваргүй болсон хүмүүсээ "намын нэрсийн жагсаалт"-аар халхавчлан дахин хүндтэй суудалд суулгахыг санаархаж байна. Тийм учраас сонгогчид минь намын төлөө санал өгөхдөө тэр нэрсийг харж сонголтоо хийгээрэй. Өрсөлдөгчдөө гүтгэхгүй, харин булхайг нь сайн уудална. Хэнийг нь сонгохоо өөрсдөө мэдээрэй хэмээн иргэний хөдөлгөөнийхөн захиж байна. Бас саналыг автомат төхөөрөмжөөр тоолохыг тэд эсэргүүцэж буй аж. Машинд итгэхээр, нүдэндээ итгэх нь зөв гэнэ. Тиймээс саналын хуудсыг гараараа барьж үзэж тоолохыг СЕХ-ноос шаардахаар төлөвлөж байгаа юм байна.