УИХ-ын эрхэм гишүүд байсхийгээд СЕХ руу утас цохидог болжээ. Тэд “Н.Лувсанжаав, манай аймгийнхан нэг овоо тахих гэсэн юм. Би оролцож болох болов уу. Сонгуулийн хууль зөрчсөн болчихгүй биз” гэх маягийн юм асуудаг гэнэ. Сонгуулийн бэлтгэл ажилдаа дарагдаад өдөр, шөнөгүй хуралдаж буй СЕХныхонд энэ нь багагүй төвөг учруулж буй аж. Үнэндээ Сонгуулийн хуулийг СЕХ биш УИХ, нарийн яривал юу хийж, яаж алхахаа СЕХ-ныхноос асуугаад буй эрхэм гишүүд өөрсдөө баталсан. СЕХ-ныхон “Оролцох эсэхээ өөрөө мэд. Бид хуульд тайлбар хийхгүй. Тэгээд ч энэ хуулийг та нар өөрсдөө баталсан” гээд буцааж буй аж.
Сонгогчдын саналыг татах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, оролцох, мөнгө, эд хөрөнгө амлах, тараахыг сонгуулийн хуулиар хориглочихсон. Хуулиа батлахаар хэлэлцэж байхад ч овоо тахиж болох эсэхийг гишүүд Ажлын хэсгийнхнээс асууж байсан билээ. Ингээд “Нэр дэвшигч тодроогүй үед бол болно” гэсэн хариуг Н.Энхболд даргаас авч байсан. Гэхдээ энэ хариултыг эрхэм түшээдийн зарим нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн бололтой.
Баталсан хуулиа гишүүд нь өөрсдөө ойлгохгүй, түүнийг хэрэгжүүлэх гол байгууллага болох СЕХ тайлбар өгөх эрхгүй бантан шиг юм болж байна. Хууль тайлбарлах эрхтэй ганц байгууллага нь Дээд шүүх. Гэвч Дээд шүүх “Хуулийг хэрэглээд маргаан гарахаас нааш тайлбарлахгүй” гээд “гүрийгээд” байдаг. УИХ-ын гишүүн-нэр дэвшигчид ямар алхам хийхээ мэдэхгүй барьц алдах дөхөж сууна.