Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Британийн телевиз, радиогийн ВВС компанийн сурвалжлагчид утсаар ярилцлага өгсөнийг өчигдөр дамжууллаа. “12 өдөр үргэлжилсэн өлсгөлөнгийн дараа бие маань бүрэн тэнхэрч хараахан амжаагүй байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Ерөнхийлөгч асан сонгуулийн өмнө өөрийнх нь эсрэг зохиомол хэрэг үүсгэж, улс төрийн зорилготой кампани өрнүүлж байна хэмээн эрх баригчдыг уг ярилцлагадаа буруутгажээ. ВВС-гийн Вив Маршийн бичсэнээр, Монголын Төрийн тэргүүн асны эл хэрэгт томоохон лообийчид санаа тавьж байгаа агаад Их Британийн Ерөнхий прокурор байсан Петер Гоулдсмит түүний өмгөөллийн багт хууль зүйн зөвлөгөө үзүүлж байгаа аж. Лорд Петер Гоулд смит нь 1950 оны нэгдүгээр сарын 5-нд Ливер пульд мэндэлсэн. Лондоны University College-ийг 1972 онд хууль зүйн ухааны магистраар төгсчээ. Ерөнхий сайд асан Тони Блэйрийн үед 2001 онд Ерөнхий прокурор бөгөөд Засгийн газрын хуулийн ерөнхий зөвлөхөөр томилогдон ажилласан аж. “MT-Newswire”-д бичсэнээр, лорд Гоулдсмит Их Британиас Саудын Арабад нийлүүлсэн хэ дэн тэрбум фунтийн өртөгтэй зэвсгийн наймаа, олон улсын авлигын эсрэг агентлагуудаас нууцаар шилжүүлсэн мөнгийг дарагдуулсан гэх зэрэг хэд хэдэн дуулианд холбогдсоноор 2007 онд албан тушаалаасаа огцроход хүрчээ. Улмаар мэргэжлийнхээ дагуу хувиараа ажиллан, АНУын хууль зүйн нэр хүнд бүхий “Debevoise & Plimpton” фирмтэй хамтрах болсон байна. Петер Гоулдсмит Оросын олигарх Аркадий Бадри Патаркацишвилийн хуучин эхнэр Инна Гудавадзе, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нарын нэр холбогдсон дуулиант хэрэгт өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үзүүлж байжээ.