Манай улсын гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 10.9 тэрбум ам.доллар болсны 2.5 тэрбум нь Засгийн газрын баталгаатай гадаад өр аж. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Засгийн газрын баталгаат өр 24 хувиар өсчээ. Энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын хэлтсийн дарга Ч.Тавинжилээс тодрууллаа.
-Засгийн газрын баталгаатай гадаад өр яагаад огцом өсөв?
-Засгийн газрын гадаад өр 2.5 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь үнэн. Сонгууль болох гэж буйтай холбогдуулан энэ асуудлыг улстөржүүлээд байх шиг байна. 1990-ээд оноос хойш авсан урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэл ч үүнд багтаж байгаа. Энэ онд Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын үнэт цаасанд Засгийн газар баталгаа гаргаж өгсөн. Үүнийг нэмээд 24 хувь өссөн гэж тооцсон байна лээ. Өөр том хэмжээний өр байхгүй.
-Нийт өрийн хэмжээ улсын төсвөөсөө давчихаад байна. Энэ нь эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө учруулахгүй юу?
-Технологи, уул уурхай хөгжиж буй өнөө үед гаднаас хөрөнгө оруулалт авч байж, тэр хэмжээгээр үр ашгаа өгөх нь ойлгомжтой. Энэ талаар санаа зоволтгүй. Бид хугацаандаа өрөө төлж байгаа.