“Анхан шатны шүүхээс ял оноогоогүй тохиолдолд Монгол Улсын иргэн хэн ч байсан УИХ-д нэр дэвших эрхтэй. Тиймээс Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхэд ямар нэгэн асуудал байхгүй” гэж Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдэд мэдээлж байсан. Гэтэл өнгөрсөн бямба гаригт СЕХ хуралдаад МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Энэ тухай Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодрууллаа.
-Таны үйлчлүүлэгчийг бүртгэхэд ямар нэгэн саад байхгүй гэж саяхан мэдэгдэж байсан СЕХ яагаад гэнэт татгалзсан юм бол?
-Бидэнд ирсэн мэдээллээр Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.СоёмбоЭрдэнэ, прокурор Н.Мөнхбаатар нар СЕХ-нд бичиг хүргүүлснээр ийм шийдвэр гаргасан бололтой.
-Чухам ямар бичиг өгсөн юм бол. Бүртгэхээс татгалзсан үндэслэлийг олж мэдэв үү?
-Хүргүүлсэн албан бичгийг нь би үзэж амжаагүй байна. СЕХ тэр бичгийг хүлээж аваад Н.Энхбаярын мэдлэг, чадварт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байх юм. Тиймээс энэ хүн нэр дэвших хэмжээний боловсролтой эсэх, улс орныхоо ирээдүйн төлөө сайн сайхан зүйл хийх чадвартайг батлах албан бичиг МАХН-аас ирүүлэхийг шаардсан. Ийм зүйл хийж байгаад гайхаж байна гэв.
Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.00 цагт болно. Шүүх хурал товлосон цагтаа эхлэх ч Н.Энхбаяр ирэх, эсэх нь тодорхойгүй байна.
Дүүргийн шүүх, прокурор СЕХ-нд бичиг хүргүүлжээ
УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлсэн 13 нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг СЕХ уржигдар хэлэлцэв. Нэр дэвшүүлэх ажиллагааг зөрчилтэй явуулж, хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр МУНН, Эх орон нам, МСДН, ЭЧХН, Хөгжлийн хөтөлбөр намын тойрогт нэр дэвшигчдээс бусад нийт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргав. Мөн зарим нэр дэвшигч төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэр, өр төлбөргүй болох тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй тул тэд гээрийг бүртгэхээс татгалзлаа.
Прокурор, шүүхийн байгууллагаас СЕХ-нд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярын талаар албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан эвслээс тодруулга авсны дараа түүнийг бүртгэх асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Мөн “Нээлттэй нийгэм форум”, “Сонгогчдын боловсрол” төв, “Хүний эрх-хөгжил” төв, “Глоб интернэшнл” зэрэг 11 төрийн бус байгууллагад хүсэлтийг нь харгалзан сонгуулийн явцыг ажиглахыг зөвшөөрч, тэдгээрийг холбогдох журмын дагуу бүртгэжээ.
Х.ОЮУН