УИХ-ын гишүүн, ИЗННын дарга С.Оюун УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос тайлбар хүссэн байна. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шалгуулах хүсэлт гаргасан УИХ-ын нэр бүхий гишүүдийн тоонд тэрбээр орсон аж. Түүнийг 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нөхөр Ч.Энхбаярын 61,88 хувь эзэмшдэг “Амида” ХХК-ийн тухай мэдээллийг тусгаагүй хэмээн буруутгасан юм байна.
Эрхэм гишүүн хоёрдугаар сарын 15-нд уг мэдүүлгийг гаргаж өгөх үед нөхөр нь дээрх компанийн эзэмшлийн 61.88 хувийн хувьцааныхаа 32 хувийг тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Гансүхэд шилжүүлсэн байсан хэмээн тайлбарлажээ. Тэрбээр “Нөхөр Ч.Энхбаярын “Амида” компанийн хувьцааны эзэмшлийн хувь хэмжээнд гарсан өөрчлөлтийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ үнэн зөв тусгасан боловч хуульд заасанчлан 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болголгүй 2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгах ёстой өөрчлөлтийг урьдчилан мэдүүлснээр зөрчилтэй мэт харагдахаар болжээ.
Иймд хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдсан, одоогоор шаардлагагүй мэдээллийг залруулах боломжтой гэж үзэж байна” гэсэн байна. Үүнд тайлбар өгөхийг тэрбээр Ёс зүйн дэд хорооноос хүссэн аж.
С.УУЛ