Зохион байгуулагчид олимпийн үеэр тамирчин, жуулчдыг өлсгөхгүйн тулд 14 сая ширхэг хоол хүнсний зүйл бэлдэхээр төлөвлөжээ. Үүнд загасны мах, хатаасан төмс, төрөл бүрийн бялуу, шарсан мах, шорлог зэрэг хүмүүсийн ихээр хэрэглэдэг хүнс байх гэнэ. Ингэхдээ эрүүл ахуйн хяналтыг дээд зэргээр хангахаа мэдэгдээд байна. Гэхдээ олимп үзэхээр очсон жуулчид өлсөхгүйн тулд халаасандаа мөнгөтэй байх ёстой.
Харин идэж уух юмны үнэ жирийн үеийнхээс бага зэрэг өндөр байх төлөвтэй. Тухайлбал, та Лондонд очоод жижиг бялууг 8 фунт (нэг фунт ойролцоогоор 2050 төгрөг)- ээр авч иднэ. Түүнчлэн цэвэр ус 1.6, шар айраг 4.2-6.5, шилтэй кола 2.3, загас, төмс бүхий нэг хүний хоол 8 фунтын үнэтэй байх аж. Мөн зохион байгуулагчид бусад орны хоол хүнсийг ч жуулчдад санал болгож байна.
Олимпийн үеэр Ази, Африк, Карибын тэнгис, газар дундын тэнгисийн орнуудын амтлаг хоолоор үйлчлэх юм. Дашрамд сонирхуулахад Coca-Cola, McDonald's, Cadbury, Heineken брэндүүд олимпийн наадмын ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. McDonald's наадмын үеэр Лондон хотод дөрвөн ресторан шинээр нээхээр төлөвлөжээ.
Олимпийн бамбар Умард Ирландад
Британид хүрэлцэн ирснээсээ хойш Англи, Уэльсийн нутгаар хоёр долоо хоногийн турш аялсан олимпийн бамбар бямба гаригт Умард Ирландад айлчиллаа. Бамбар Их Британи, Ирландын дунд орших Мэн аралд анх буусан юм. Умард Ирландын Засгийн газрын төлөөлөгчид бамбарыг хүлээн авчээ. Бамбар Ирландын арлаар тав хоног аялах бөгөөд Британийн харьяанд багтдаггүй Ирландын нийслэл Дублинд ч саатах аж.
Писториусийн сүүлийн боломж
Хоёр хөлгүй гүйгч Оскар Писториус зургадугаар сарын сүүлээр болох Африкийн АШТ-д оролцохоор төлөвлөж байна. Энэ нь түүний олимпийн эрхээ авах сүүлийн боломж юм. Өмнөд африк гүйгч Оскар парагийнхан дундаа бол тасархай нэгэн. Тэрбээр 2004, 2008 оны паралимпийн наадмаас 100, 200, 400 метрийн төрөлд дөрвөн алтан медаль хүртсэн юм. Харин Бээжингийн олимпод эрүүл тамирчидтай өрсөлдөхийг хүссэн ч эрхээ авч чадаагүй билээ. Гэхдээ өнгөрсөн жил БНСУ-ын Дэгү хотноо болсон ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох боломжтой болсон. Ингэхдээ зүгээр ч нэг оролцоод өнгөрсөнгүй, 4х400 метрийн буухиа гүйлтэд мөнгөн медаль хүртсэн юм. Писториус олимпийн эрхээ авахын тулд 400 метрийг 45.30 секундээс бага хугацаанд туулах ёстой. Тэр Чехийн Острава хотноо болсон тэмцээнд 47.66 хурдалсан. Харин өнгөрсөн долоо хоногт болсон тэмцээнд амжилт нь дээшилж, 46.35 секунд гүйсэн юм.
Беларусийн дугуйн дасгалжуулагчийг баривчилжээ
Беларусийн трэк болон замын дугуйн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Анатолий Бадуев их хэмжээний мөнгө хууль бусаар хувьдаа завшсан хэргээр баригдсан талаар Беларусийн төв телевиз мэдээллээ. Тус улсын спортын хэвлэл “Pressball”-д бичсэнээр Бадуев тамирчдын допингийн шинжилгээг аргалж өгнө гэж амлаад хариуд нь 1.5-2 мянган ам.доллар авдаг байсан аж. Харин Беларусийн цагдаагийн газар болон тамирчдын холбоо энэ мэдээллийг няцаасан байна.