УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй М.Зоригтыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулах гомдол холбогдох газруудад ирсэн гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Энэ талаар холбогдох газруудаас тодрууллаа.
“Нэр дэвшигч М.Зоригттой холбоотой гомдол санал тойргийн сонгуулийн хороонд ирсэн юм уу. Ямар үндэслэлээр хандсан бэ” гэсэн асуултад 12 дугаар тойргийн хорооны дарга Лхамсүрэн хариулахдаа:
-Манай тойрогт улс төрийн нам, хүчнүүдээс нийт таван хүн нэр дэвшиж, мандатаа авсан. Нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны ажлаа эхлүүлээд явж байна. Өнөөдөр буюу зургадугаар сарын 4-ны байдлаар нэр дэвшигчидтэй холбоотой гомдол, санал тойргийн хороонд ирээгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Сондомцэрэнгээс тодруулахад “УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойргийн нэр дэвшигчидтэй холбоотой асуудал өнөөдрийн байдлаар ирээгүй” гэсэн хариулт өгч байна.