Сонгуулийн хуулийн дагуу СЕХ намын жагсаалтаар нэр дэвшигчдийг бүртгэж, өчигдрөөс үнэмлэхийг нь гардуулж эхлэв. Хамгийн түрүүнд АН-аас жагсаалтаар өрсөлдөх 28 эрхэм нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан юм. Тус намын дарга Н.Алтанхуяг жагсаалтыг тэргүүлж, УИХ-ын гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат удаалж буй. Улмаар Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, М.Батчимэг, Б.Мэдрээ хэмээн жагсаалт үргэлжилж буй юм. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар 28-д багтсан хүмүүсийн олонх иржээ.

Намын дарга, УИХ-ын зарим гишүүн аймагт нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгаанд яваад эз гүй байсан учир ерөнхий нарийн бич гийн дарга нь гардаж авсан. СЕХ-ны дарга Н.Лувсанжав АНын нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тогтоолын төслийг уншиж танилцуулаад эхнээс нь дуудан үнэмлэхийг гардуулав. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “2012 оны сонгууль АН болон ард түмний хувьд чухал сонголт болно” гээд сонгуулийг шударга зохион байгуулж, хяналтаа сайн тавьж ажиллахыг СЕХ-ноос хүссэн.
Үүний дараа Монголын Ногоон намын 16, Иргэний зориг-Ногоон намын 24, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвслийн 26, Иргэний хөдөлгөөний намын 18, Эх орончдын нэгдсэн намын нэг нэр дэвшигчийг тус тус бүртгэж, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олголоо. ИЗНН-ын жагсаалтыг намын дарга С.Оюун тэргүүлж, С.Дэмбэрэл, З.Ган-Очир, М.Хүрэлсүх, Ц.Ганбат, М.Төрбаяр, Н.Дүгэрсүрэн, М.Чойдорж зэрэг нэр дэвшигч удаалж буй юм. МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэхийг нь гардуулах юм байна.
С.УУЛ