Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл өчигдрөөс хүүхдийн тасгаа нээлээ. Өмнө нь тус нэгдэл хүүхдийн тасаггүй байсан бөгөөд хүүхдүүд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмчлүүлдэг байсан юм. Тасгийн тоног төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Засаг даргын Тамгын газрын хө рөнгөөр шинэчилжээ.
Өрөөнүүдэд Япон улсын “Өвсний үндэс” төслийн шугамаар засвар хийж, гэдэсний болон амьсгалын замын халдварт өвчний үед тусгаарлах өрөө гаргасан байна. Таван эмч, 40 ортойгоор эхний ээлжинд дүүргийн орон сууцны хорооллын нэгээс зургадугаар хороо, гэр хорооллын 8, 18, 19 дүгээр хорооны хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ. Үлдсэн хорооны хүүхдүүд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бөгөөд тасгийн үйл ажиллагаа жигдрэхээр хүлээн авах юм.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Н.Энхтуяа “Манайх 2010 онд 167 ортой байсан бол, 2011 оноос 227 ортой болсон. Орны нэмэгдэл болон Эрүүл мэндийн тухай хуульд нэгдсэн эмнэлэг нь хүн амд долоогоос доошгүй чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж заасанчлан хүүхдийн тасгаа нээлээ” хэмээн ярилаа.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ