Сонин содон үйл явдлаар дүүрэн өрнөх Лондоны олимпийг “чимэх” 14 “партизан”-ы талаар уншигчдадаа сонирхуулья. Архинаас гаргах эмчилгээ хийлгэж үзсэн 49 настай мэргэн буудагч, ачаа зөөгч байсан 37-той сэлүүрт завьчин, үрийнхээ төлөө бүхнээ зориулсан 36-тай спортын гимнастикч гээд л өвөрмөц намтартай тамирчид авьяас хөдөлмөр тэтгэвэрт гардаггүйн баталгаа гэлтэй.
Оксана Чусовитина (Герман)
Нас: 36
Таван олимпод оролцсон цорын ганц спортын гимнастикч. Барселоны олимпийн аварга, Бээжингийн олимпод хоёрдугаар байр эзэлсэн. ДАШТ-ий 11 медальтай. Мэргэжилтнүүд спортын гимнастикчдыг 20 нас хүрмэгц тэтгэвэрт гарах нь ойртож байна хэмээн дүгнэдэг. Харин герман бүсгүй Оксана энэ үзлийг няцааж 40 шүргэж яваа хэдий ч спортын талбараасаа хөндийрөлгүй өнөөг хүрчээ. Зодог тайлах бодол аль эртнээс төрж, арваад жилийн өмнө ээж болсон хойноо тамирчны замналдаа цэг тавихаар төлөвлөсөн боловч спортын “бурхан” түүнийг тийм ч амар явуулчихсангүй. Гэхдээ түүнд хэцүү үе тохиолдож байсан.
Юу гэвэл, хоёрхон настай хүү нь хүндээр өвчилж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад спортын талбараасаа түр холдож, гимнастикаас олсон бүх мөнгөө үрийнхээ эмчилгээнд зориулсан нь талаар болоогүй юм. Хүүгээ үхлийн савраас аварч чадсандаа тэр сэтгэл дүүрэн явдаг. Түүний амьдралын утга учих болох 12 настай Алишер хүү нь ээжийгээ залгамжлан, шилдэг тамирчин болохоор спортын гимнастикийн өсвөрийн шигшээ багт хичээллэж байна. Чусовитинагийн гаршсан дасгал харайлт. Энэ төрлөөр тэр Будант Альбионд тохиох олимпоос медаль авчрах магадлал өндөр.
Любовь Соколова (ОХУ)
Нас: 34
Дөрвөн олимпод оролцсон. Олимпийн хошой мөнгөн медальт (2000, 2004), дэлхийн хошой аварга (2006, 2010). Шигшээ багт 12 жил хүчин зүтгэж буй тэрбээр овгоо гурван ч удаа сольж, эх орноосоо гадна зургаан өөр улсын клубүүдэд тоглож үзсэн туршлагатай нэгэн. Дэлхийн чадварлаг волейболчны нэг болох түүнгүйгээр ОХУ-ын шигшээ багийг төсөөлөхөд бэрх. Өөртөө итгэлтэй хийгээд тайван байдал нь амжилтын хөшүүрэг болдог.
Алексей Марков (ОХУ)
Нас: 32
Дөрвөн олимпод оролцсон. Олимпийн мөнгө (1996), хошой хүрэл (2000, 2008) медальт. Атлантын олимпод 23 настайдаа түрүүлсэн дугуйчин Алексендр Кузнецов өөрийн төрөлдөө хамгийн залуу аваргаар тэмдэглэгдсэн түүхтэй. Тэр үед 17 настай золгосон Марков багийн уралдаанд аман хүзүүдчихээд сэтгэл дүүрэн зогссон нь бий. “Лондон-2012”-т аваргалах томоохон боломж түүнд байгааг дасгалжуулагч нь саяхны ярилцлагадаа өгүүлжээ.
Анки ван Грюнсвен (Голланд)
Нас: 44
Морин спортын тамирчин Анки зургаан олимпод оролцсон. Олимпийн гурван алт, таван мөнгөн медальт. Зургаан олимпийн таваас нь тэр медаль хүртэж, ард түмнээ баярлуулжээ.
Мөн энэ хугацаанд гурван л хүлэг сольсон баримт бий. 12-тойгоосоо морин дэл дээр дэрвэсэн бүсгүй “Сөүл-88”-аас олимпод өрсөлдөж эхэлсэн юм.
Екатерина Карстен (Беларусь)
Нас: 39
Таван олимпод оролцсон. Олимпийн хошой аварга (1996, 2000), нэг мөнгө (2004), хошой хүрэл (1992, 2008) медальт. Дэлхийн зургаан удаагийн аварга. Беларусийн Осечиногийн уугуул завьчин бүсгүй хожим нэгэн бизнесментэй гэрлэж, Германы Кёльн хотноо амьдрах болсон юм. Барселоны олимпоос түүний медалийн “даллага” эхэлж, удаах наадмуудад ч медальт байрын төлөө өрсөлдсөн. Харин Лондоны олимпод юу болохыг хэн ч эс мэднэ. Гэхдээ Карстен медаль өөд тэмүүлэх нь гарцаагүй. 2016 онд тэр 44, нөхөр Вильфрид нь 65, охин Алексендре нь 18 хүрэх бөгөөд сэлүүрт завьчин спортын талбартаа үлдэх болов уу?
Виргилиус Алекна (Литва)
Нас: 40
Дөрвөн олимпод оролцсон. Олимпийн хошой аварга (2000, 2004), нэг мөнгөн медальт (2008). Дэлхийн дөрвөн удаагийн аварга. Хоёр метр өндөр хөнгөн атлетикч тэрбээр хүүхэд ахуйдаа сагсан бөмбөг тоглодог байжээ. Хэтэрхий хүчтэй, бөмбөг самбараас авахдаа чадамгай хэр нь л түүнд бөөрөнцөг түлхэлт юунаас ч илүүтэй таалагдсанаар литвачууд нэгэн хүчирхэг сагсчнаа алдсан юм. Сонголт буруудаагүй ээ, тэр өнөөдөр улсынхаа урдаа барьдаг шилдэг шидэгчдийн тоонд багтсаар. Айсуй олимпод 40 настан аваргалах, бүр олимпийн дээд амжилтыг шинэчлэх том зорилго өмнөө тавьжээ.
Артем Хажибеков (ОХУ)
Нас: 42
Дөрвөн олимпод оролцсон. Олимпийн алт (1996), мөнгөн (2000) медальт. Хийн буунд өндөр амжилт гаргадаг Хажибеков “Афин-2004”-т тав, “Бээжин- 2008”-д 13 дугаар байр эзэлжээ. Тэмцээнд оролцохын зэрэгцээ залгамж үеэ бэлтгэх тухай мартаагүй ахмад дайчин тамирчиндасгалжуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж буй. Лондоны олимпийн эрхийг буудлагын төрөлд хамгийн түрүүнд эх орондоо авчирсан мэргэн буудагчийн хувийн амьдралаас нь сонирхуулахад 1990 оны дундуур нэгэн япон бүсгүйтэй гэрлэжээ.
Елена Калишка (Словак)
Нас: 40
Дөрвөн олимпод оролцсон. Олимпийн хошой аварга (2004, 2008) Түүнийг анх харахад бага ангийн багш, эсвэл оёдолчин байх гэсэн бодол төрж магад. Харин сэлүүрт завины слаломын төрөлд өрсөлддөг нэрт тамирчин гэж сонсвол гайхалтай санагдаж болох. Учир нь энэ бүсгүй дэндүү энгийн. Түргэн урсгалт Грон болон Слатины хөвөөнд тоглож өссөн тэрбээр дунд сургуульд байхдаа сэлүүрт завиар хичээллэжээ. Өнгөрсөн улиралд мөрөндөө хүнд бэртэл авсан ч гэсэн Лондоны олимпод өндөр амжилт гаргана гэдэгт ард түмэн нь итгэлтэй байна.
Александр Костоглод (ОХУ)
Нас: 37
Дөрвөн олимпод оролцсон. Олимпийн хошой мөнгө (2004, 2008), нэг хүрэл медальт (2004) Каноэ завьчин Александрыг азгүй хүн хэмээн нутаг нэгтнүүд нь дүгнэх нь бий. Гурван олимпод алтан медалиас атгаад алдсан энэ эр Лондоны наадмыг аваргын төлөө довтлох сүүлчийн боломж гэж нэгэнт зарлажээ.
Валентина Веццали (Итали)
Нас: 38
Дөрвөн олимпод оролцсон. Туялзуур сэлэмний спортын түүхэнд олимпоос таван титэм гардсан цорын ганц бүсгүй. Үүнээс гадна олимпийн мөнгө, хүрэл медаль түүний энгэрийг чимдэг. Италийн хөлбөмбөгчин, “В” дивизионд “Анкон”-д тоглож байсан Доменико Жулианогийн эхнэр тэрбээр эх орондоо нөхрөөсөө илүү нэр хүндтэй.
Италийн цагдаагийн офицер Веццалигийн тархинд зодог тайлах бодол огтхон ч төрдөггүй. Түүний хувийн мэдээллээс сонирхуулахад Италийн томоохон зургаан компанитай гэрээ байгуулсан, тэмцээний медаль шагналууд бүхий музей гаргасан гэнэ. Туялзуур сэлэмний төрөлд Италийн нүүр царай болсон энэ эмэгтэй Лондоны олимпод ямар гавьяа байгуулах бол?
Сергей Макаров (ОХУ)
Нас: 39
Дөрвөн олимпод оролцсон. Олимпийн хошой хүрэл медальт (2000, 2004) Дэлхийн аварга (2003), мөн хүрэл медальт (2005). Хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд мэргэжсэн тэрбээр алдарт Железный, Бакли, Торкильдсен, Питкямяки нартай ширүүн өрсөлдсөөр ирсэн бөгөөд аваргалах хувь хараахан бүрдээгүй л байна. Макаровагийн өрөөний хананд жад үргэлж өлгөөстэй байдаг нь зодог тайлах болоогүйг сануулах мэт. Цэл залуудаа энэ л төрөлд онч сорьсон ээж нь ЗХУ-ын өсвөрийн аваргаар тодорч байсан бол эхнэр нь Европын цомд манлайлан, охин дүү нь ОХУ-ын шилдгээр шалгарсан зэрэг баримт тэднийг удам дамжсан тамирчид болохыг илтгэнэ. “Миний спортын замналыг бэртэл л зогсоож мэдэх юм” хэмээн тэр саяхны ярилцлагадаа өгүүлжээ.
Раймон Дебевец (Словени)
Нас: 49
Долоон олимпод оролцсон. Олимпийн алт (2000), хүрэл (2008) медальт. Хийн урт бууны төрлөөр дагнасан Дебевец 1977 оноос галын шугаманд онч сорьж эхэлсэн бол 28 жилийн тэртээх олимпод оролцохоор зэхэж байсан ч социалист орнууд хясан боосны улмаас хичээл зүтгэл нь талаар болсон удаатай. Дашрамд дурдахад арван олимпод оролцсон үзүүлэлтээр Канадын морин спортын тамирчин Иан Миллер, Австрийн дарвуулт завьчин Хуберт Раудашля нар дээд амжилт тогтоосон байдаг. Раймон тэдний эгнээнд элсэх болов уу?
Нино Салуквазе (Гүрж)
Нас: 43
Зургаан олимпод оролцсон. Олимпийн алт (1988), мөнгө (1988), хүрэл (2008) медальт. Гурван олимпод эх орныхоо тугийг залсан энэ бүсгүй Гүржийн нэрийн хуудас. Лондоны олимпод ч мөн дээрх эрхэм үүрэг түүнд оногдох тухай тус улсын сонин хэвлэлүүдэд мэдээлжээ. Мэргэн буудагч бүсгүйчүүдийн хувьд Италийн Жованни Пеллиело зургаа, манай О.Гүндэгмаа, АНУын Кимберли Род нар тав дахь олимпдоо тус тус өрсөлдөхөөр зэхэж байна.
Ральф Шуманн (Герман)
Нас: 49
Зургаан олимпод оролцсон. Олимпийн гурван алт (1992, 1996, 2004), хошой мөнгөн (1988, 2008) медальт. Тэмцээний талбарт тайван байдаг шигээ амьдрал дээр ч бас тэр ийм.
Буудлагын спорт сонирхогчид түүнийг андахгүй мэддэг боловч гурван хүүхэдтэй эхнэрээсээ салж дуулиан дэгдээснийг, нэгэн тэмцээний үеэр нутаг нэгт тамирчин Рене Остхольдтой гар зөрүүлэн хэвлэлийн баатар болсныг, архинаас гаргах эмчилгээ хийлгэснийг нь мэдэх болов уу? Лондоны олимп түүний сүүлчийн наадам гэнэ.
Бэлтгэсэн Б.ӨЛЗИЙТОГТОХ