Сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн даваа гаригаас “жигдрэв”. Телевизийн олон сувгаар УИХ, НИТХ-д нэр дэвшигчид ээлжлэн гарч, ирээдүйд хийх сайхан ажлынхаа тухай итгэлтэйгээр яриад л. Гудамжны самбараас сонгуулийн бус сур талчилгаанууд “жийгдээд” л. Нэр дэвшигчдийн олонх нь нийслэл, аймагт сурталчилгааны нээлтээ сүржин гэгч нь хийсэн. Түүнтэй нь зэрэгцээд, бараг урьтаад хэн хэн хэрхэн хууль зөрчиж буй тухай мэдээлэл хөвөрч эхэллээ. Энэ бол анхаарах ёстой асуудал мөн. Сурталчилгаа хуулиас давж буй эсэхэд тэгвэл хэн хяналт тавих вэ.
Хуулийн дагуу бол СЕХ болон Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх явцад хяналт тавина. ОНРТ-ээс бусад радио, телевиз сурталчилгааг төлбөртэй явуулна. Ингэхдээ нэр дэвшигчдэд ижил хугацаа, боломж олгох, бас хэдэн цагийн хязгаар байх тухай зохицуулалт бий. Гэвч хэдэн арван телевиз, сайт, сонин байгаа өнөөдрийн нөхцөлд дээрх хоёр байгууллага бүгдийг нь нарийн хянана гэхэд хэцүү. Бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглахгүйгээр хууль бус сурталчилгаа хийсэн бол хэн хянах нь тодорхой бус байгаа юм.
ЗӨВШӨӨРСӨН БОЛОН ХОРИГЛОСОН СУРТАЛЧИЛГАА
Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах замаар хийх нь нээлттэй. Гэхдээ ингэлээ гээд уулзалт дээр мөнгө тараагаад байвал хууль бус. Мөн мөнгөтэй байлаа гээд түүнийхээ хэрээр гудамжны самбар “эзлээд” байх учиргүй. Энэ бүхэнд СЕХноос тодорхой хэмжээ, хязгаар тогтоосон аж. Мөн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан 20 хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, 10 хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас гаргах эрхтэй. Дээрээс нь нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг 10 хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
Хэвлэлийн хуудас гэдэг нь А1 хэмжээг хэлэх юм билээ. Тэгвэл УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа тайланг сонгогчдод тарааж болох бөгөөд энэ нь өнөөх хэвлэлийн хуудас гэсэн хязгаарт багтахгүй. Үүгээрээ тэд шинэ нэр дэвшигчдээс давуу эрх эдэлж буй юм. Одоо хориотой хэсгээс сонирхуулъя. Бидний мэдэж байгаачлан сон гогчид мөнгө, эд бараа тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөн гөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом, урлагийн тоглолт, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам зохион байгуулах хориотой.
Мэдээж энэ төрлийн арга хэмжээг санхүүжүүлж болохгүй. Гадаад, дотоодод сонгогчдыг аялуулж, “хайр зарлаж”, эмчлүүлж, сувилуулж болохгүй. Бас хэвлэл мэдээллээр элдэв захиалгат чансаа тогтоох шалгаруулалт явуулах нь хориотой юм. Гэхдээ Сонгуулийн хуульд нэг “цоорхой” заалт бий. 35.16-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа дээрх хорионд хамаарахгүй гээд заачихжээ. Үүнийг далимдуулаад Засгийн газар, яамдынхан баахан сурталчилгаа хийв шүү дээ. Хуулиар зөвшөөрсөн хууль зөрчих ажиллагаанд хэн хариуцлага тооцох юм бол.
ХАМТЫН ХҮЧИНД НАЙДАХ УУ СЕХ
Харилцаа холбооны зохицуулах хороо хэвлэлээр гарч буй сурталчилгаа хуульд заасан хэмжээнээс давсан уу, үгүй юү гэдгийг Тойргийн хороод болон олон нийтийн оролцоотойгоор хяналт тавина гэж хуульчилжээ. Хэн нэг нэр дэвшигч мөнгө тарааж, дээрх хориотой арга хэмжээ явуулсныг сонгогч баримтжуулсан бол Тойргийн хороонд мэдэгдэнэ. Тойргийн хороо СЕХ руу уламжилж, шийдэх аж. Хариуд нь тухайн нэр дэвшигчийн тараасан мөнгө, эд материалын үнийг 10 нугалсан мөнгөөр сонгогчийг шагнах юм. Нэр дэвшигч, нам, эвсэл хууль зөрчвөл яг аль заалт гэдгээс нь хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлж торгоно.
Хэрэв мөнгө тараасан баримт байх юм бол нэр дэвшигчийг жагсаалтаас хасна. Бас эрүүгийн хариуцлага тооцох ч зохицуулалт бий. Гэхдээ иргэд тэр бүр нэр дэвшигчийн мөнгө тарааж буй “торгон агшин”-тай камер барьж яваад таарахгүй. Тэгэхээр өрсөлдөгчид нэгнээ хянах нь л хамгийн мэргэн, бас үнэнд дөхөх хяналт болох нь. АН-ын тухайд Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг З.Энхболдоор ахлуулан байгуулсан. Түүнээс энэ талаар лавлахад “СЕХ, ХХЗХ радио телевиз, хэвлэл мэдээллийн сурталчилгаанд хяналт тавьж байгаа. Ард иргэд, нэр дэвшигчид бүгд бие биенээ хянаж буй учир зөрчил бага гарах төлөвтэй байна” гэв. Сонгуульд оролцож буй 11 нам, хоёр эвслийн нэр дэвшигчид бие биенээ хянаж, гишгэх мөрийг нь тоолж, хамгийн гол нь хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулах замаар хил хязгааргүй сурталчилгааг хазаарлана гэж найдъя даа.