УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар өчигдөр Хан-Уул дүүргийн 11, 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Эл хорооныхонд тулгарах болсон хамгийн том проблем нь олон жил амьдран суусан газраасаа хөөгдөж, бульдозероор хашаа байшингаа түрүүлж болзошгүй байдалд хүрчээ.
Өдөр алгасалгүй шахам дарга нар “Газраа чөлөөлж өг” гэдэг тушаалыг буулгадаг гэнэ. Тухайлбал, нэг дарга нь “Энэ бол тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагдах учраас та бүхэн нүүх ёстой” гэж дүрэмддэг бол нөгөө дарга нь өрхүүдийн цахилгааныг таслах шийдвэр гаргасан байдаг аж.
Иргэн Байгалмаагийн тайлбарласнаар дээрх хорооны иргэд сар шахам цахилгаангүй суужээ. Эцэстээ хулгайгаар цахилгаан автал баригдаж, 100 мянган төгрөгийн торгуульд унасан. Уг нь тэднийх газар эзэмших гэрчилгээтэй, гэвч газарт ньЗайсан орчимд барьсан орон сууцны хорооллыг эрчим хүчээр хангах цахилгаан станц байгуулахаар онилчихоод буй ажээ. Газартаа амьдрахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд асуудал тавьсан, Улаанбаатар хотын захирагчийн албанд ч хандаж үзсэн.
Яамны хувьд эхлээд асуудлыг судалж үзнэ гэснээ сүүлдээ ямар ч албан ёсны тайлбар өгөлгүй таг суужээ. Тиймээс нэр дэвшигчдээс газрын асуудлыг нэгмөр шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Энэ бол ганц түүний хүсэл биш, Зайсан толгой орчимд амьдарч буй 5000 иргэний хүсэл аж. Үүнд УИХ-ын гишүүн Л.Болд дараах тайлбар хийсэн юм. Тэрбээр “Уржигдархан иргэдийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн “Газар хөдөлгөөн”-ий анхдугаар чуулган болж, тодорхой шийдвэр гаргасан.
(1).jpg)
(1).jpg)
Тухайлбал, компаниудын хууль бусаар эзэмшсэн газрыг иргэдэд өмчлүүлэх, нийслэлийн гэр хороолол руу дэд бүтэц татаж таатай орчинд амьдрах бололцоо олгох, олон жил амьдарсан газрыг нь тухайн иргэдэд өмчлүүлэх зорилгын төлөө “Газар хөдөлгөөн”-ий тэмцэл өрнөнө гэдгийг мэдэгдсэн. Тиймээс зорилгыг ажил хэрэг болгохын тулд энэ удаагийн сонгууль маш чухал байгаа юм” гэлээ.
Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Хэрвээ энэ асуудлыг хотын захиргаанаас шийдэж чадахгүй бэрхшээлтэй байгаа бол бидний хувьд хуулийн төсөл санаачлаад УИХ-аар батлуулж болох юм. Иргэдийн амьдарч байгаа газрыг тэр тусмаа өмчилсөн газраас нь хүчээр нүүлгэх гэж оролдох нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөл санаачилж шийдвэрлэх бололцоо бүрэн байгаа” гэсэн юм.
Г.ДАРЬ