МҮОХ-ноос олимпийн галт бамбарыг эх орныхоо өнцөг булан бүрт аялуулж буй. Анх 2010 онд хувьсгалын өлгий нутаг Сэлэнгээс гараагаас эхэлсэн бамбар 18 аймгийг туулан аялсаар Говьсүмбэрт ирлээ. Тус аймгийн удирдлага, спортын салбарынхан бамбарыг бүтэн сарын турш албан газар, сургууль, цэцэрлэгээр аялуулсны эцэст Хэнтий аймагт хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү арга хэмжээнд ОУОХ-ны хүндэт гүшүүн Ш.Магван, МҮОХны Олимпийн зөвлөл хариуцсан захирал Ж.Баасанхүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох нар оролцов. Бамбар солилцох арга хэмжээг аймаг бүр өвөрмөц онцлогтойгоор хийхийг хичээж ирсэн. Тэгвэл говьсүмбэрчүүд олимпийн бамбарыг тэмээн дээрээс дамжуулан өгсөн нь урьд өмнө хэний ч хийгээгүй санаа байлаа.
Лондоны олимпийг угтан аялсан галт бамбар өдгөө Хэнтий, Дорнод, Сүхбаатарт саатаад нийслэл хотноо ирэх юм.
Г.Баяр