УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Харин энэ өдрүүдэд төрийн алба эзгүйрч, төрийн ажил зогсонги байдалд ордог. Хэдийгээр тэд орлогч дарга нартаа ажил албаа хариуцуулдаг нэр зүүдэг ч эрхэм туслахууд нь сонгуулийн хэсгийн хороодод дайчлагдаад завгүй явна. Өнөө жилийн сонгуульд нийслэлийн есөн дүүргийн гурван Засаг даргаас бусад нь нэр дэвшсэн. Иймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигч 16 хүнийг төр захиргааны байгууллагын ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн билээ. Тэд ч сонгуульт ажилдаа ханцуй шамлан орж, үүндээ үнэнч туслахууд, аппаратын ажилтнуудаа дайчлахаа мартсангүй. Эдгээр эрхмийг УИХ-ын 2012 оны сонгуульд Баянгол, Баянзүрх дүүрэгт Ардын намаас нэр дэвшсэн Л.Амгалан, Б.Батзориг нар манлайлж байна.
Л.Амгалан нь Баянгол дүүргийн Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жилд ажилласан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр Баянгол дүүргийн l-IX, XX хорооноос сонгогдсон бүсгүй. Энэ удаад ч мөн л Баянгол дүүргийн 23 дугаар тойргоос нэр дэвшиж байна. Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг 2004, 2008 онд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшиж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Түүнийг “Баянзүрхэд дархлагдсан нэгэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулж, хөшөө бариулснаас өөр хийж гавьсан зүйлгүй” гэлцдэг. Харин хотын мэр Г.Мөнхбаяр нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд намын нөхдөө удирдан оролцох болсон тул үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдсөн. Түүний талаар олон нийт “Улаанбаатар хотын өнгө төрх, дэд бүтцэд бодитой шинэчлэл хийсэн хүн.
УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас нэр дэвшвэл ялах эрхмүүдийн нэг бол яах аргагүй хотын мэр” гэлцэж байсан ч Г.Мөнхбаяр дарга хотын хөгжил, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, парламентын ээлжит сонгуульд нэр дэвшээгүй. Харин нийслэлийн Засаг даргын орлогч асан, Ардчилсан намын лидерүүдийн нэг Да.Ганболд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж чадаагүй ч С.Ламбаагийн оронд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшлээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай ч сонгуульд өрсөлдөхөөр зөөлөн суудлаасаа түдгэлзэв.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоос нийслэлийн томоохон дүүргийн Засаг дарга болсон тэрбээр Ардын намаас нэр дэвших виз авсан юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ч мөн адил. Нийслэлийн Газрын албаны дэд дарга Ц.Сандуй нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсоныхоо бараг маргааш нь шинэ албанаасаа чөлөөлөгдөж, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшлээ.
Ийнхүү төрийн түшээдийн зөөлөн суудал эзгүйрч, улс даяар УИХ, орон нутгийн хурлын сонгуулийн уур амьсгал оров. Төрийн ордон эл хуль оргиж, эрхэм гишүүд тойрог, тойргийн зүг одоцгоолоо. Харин “гал”-аа сахиж үлдсэн төрийн албан хаагчид иргэдэд хэр шуурхай үйлчилж байгаа бол. Ямартай ч Монгол төрийн үйл ажиллагаа жигдэртэл хэдэн сар хүлээх болох нь дээ. Ирэх намар уулзацгаая, эрхэм түшээд ээ.