Монгол Улсын уулсын оргил Алтай таван богд, Баян-Өлгий аймгаас УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа АН эхлүүлсэн билээ. Баруун аймагт өртөөлж буй сурталчилгааны ажил Увс аймагт энэ сарын 5-нд болж, АН-ын дарга Н.Алтанхуяг, түүний зөвлөх С.Отгонбаяр, жагсаалтын 18-д бичигдсэн УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн нар ажиллав. Тэд Увс аймагт АН-аас нэр дэвшиж байгаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү, хууль зүйн ухааны доктор профессор, хуульч Т.Мэндсайхан нарын сурталчилгааны нээлтэд оролцож, Увс аймгийн Улаангом хотын иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн юм. Энэ үеэр нэр дэвшигч Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар хүний хөгжилд тулгуурласан “Монгол хүн” хөтөлбөрийг танилцуулав.
С.Отгонбаяр, Р.Эрдэнэбүрэн нар Увс аймгийн иргэдийг АН-д саналаа өгөхийг уриалав. АН-ын дарга Н.Алтанхуяг Увс аймгийнханд хандан “Энэ сайхан нутгийн эзэд нутагтаа сайхан амьдрах ёстой. Ардчилсан нам хариуцлагатай сонгуульд орох гэж байна. АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах, түмэн олныхоо итгэлийг даах, нэр цэвэр 76 хүнээ дэвшүүлсэн. Тэдгээрийн хоёр нь Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар юм.
Увс нутгийнхандаа итгэж байна. Олуулаа ялахын төлөө хамтран ажиллая” гэв. Иргэд ч тэднийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. АН Монгол Улсын хэмжээнд ялбал Увс нутгаас Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын орыг залгах гурав дахь Ерөнхий сайд төрөх нь хэмээн бэлгэшээж байв. Увс нутгийнхан энэ удаад тус намд итгэж, нутгийн хөвгүүдээ төр түшилцүүлж Увсын цэнхэр хязгаарыг ардчиллын цэнхэр хязгаар болгоно гэцгээж байлаа.
УИХ-Д НЭР ДЭВШИГЧ Д.НЯМХҮҮ: УВС АЙМАГ АРДЧИЛЛЫГ ЯЛУУЛАХ ГОЛ ТҮЛХҮҮРИЙГ АТГАЖ БАЙНА
Увс аймаг хариуцлагатай сонголтын үе дээрээ ирчихээд байна. Ардчиллын 22 жилийн хугацаанд Увсын баруун хязгаарт АН нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй. Увс аймагт бид ялбал Монгол Улс даяар АН ялна. Ардчиллын үүд хаалга нээгдэнэ. Увс аймаг ардчиллыг ялуулах гол түлхүүрийг гартаа атган сууж байна. Монгол Улсын сайн сайхан хөгжлийн түүхэн үе Увс нутгаас төрсөн улс төрийн зүтгэлтнүүдтэй холбогддог.
Ю.Цэдэнбал Монголын төрийг 40 жил толгойлохдоо Монгол төрийн хамгийн сайхан үеийг бүтээсэн. Энэ үед Монгол Улс хөгжлийн гараан дээрээ очсон. Өөрийгөө орхин байж Монгол Улсынхаа төлөө ихийг бүтээсэн. Дараа нь Ж.Батмөнх төрийн толгойд ажиллахдаа дэлхийн олон оронд өөрчлөлт шинэчлэлт өрнөхөд Азийн Монголд хулганын хамраас цус гаргалгүй хувьсгал хийх боломжийг ардчилсан хувьсгалын залууст олгосон түүхэн гавьяатай удирдагч байсан.
АН-ыг өнөөдөр Увс аймгийн унаган хүү Н.Алтанхуяг толгойлж байна. Хэрэв АН олонх болбол Увс нутгаас гурав дахь Ерөнхий сайд төрөх гэж байна. Манай намын дүрэмд намаа ялуулсан дарга Ерөнхий сайд болдог. Тийм учраас энэ сонгуульд Увс аймаг ардчиллыг бүрэн дүүрэн ялуулж байж үр дүн нь гарна. Зөвхөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү хоёрыг бодох биш, том эрх ашгийнхаа төлөө нэгдэж саналаа өгөөрэй. Ардчилсан нам эв түнжингүй байсан он жилүүд бий. Харин өнөөдөр Ардчилсан нам атгасан гар шиг энэ сонгуульд орж байна. Энэ эв нэгдэл дотоод эвлэрлийг бий болгосон хүн бол яах аргагүй Увс нутгийн хүү Н.Алтанхуяг юм шүү.
УВС АЙМГИЙН АН-ЫН ДАРГА Н.ЦЭНДСҮРЭН: УВС АЙМГИЙН АН, АРД ТҮМЭН ЯЛНА
МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн иргэдэд “Увсын амьдрал” сонин, 20 мянган төгрөгтэй тараагаад явж байна. Тэр сонин дээр нь Дорлигжав, Цэндсүрэн хоёрыг муулсан байна билээ. МАН явуургүй үйлдэл хийж байгаа ч Увсын ард түмний саруул ухаан ялна гэдэгт итгэж байна. Увсын ард түмэн маргаашийн эрх чөлөө, шударга төрөө тэдний бохир мөнгөнд хууртаж худалдахгүй. Энэ сонгуулиар Увс аймгийн АН, Увс аймгийн ард түмэн ялах болно.