-Э.Батшугар цэргийн алба хаагаагүй учир нэр дэвших эрхгүй болжээ-
СЕХ уржигдар орой хуралдаж, “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшсэн Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Түүний талаар ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас холбогдох лавлагаа авч, бүртгэлийн сүүлийн өдөр хэлэлцсэн нь энэ юм. Улмаар Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.10, 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна МАХН, МҮАНын “Шударга ёс” эвслээс жагсаалтын зургаадугаарт нэр дэвшүүлсэн Н.Энхбаярын хүү Батшугарын нэрийг хасчээ.
Түүнийг Сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн жагсаалтаас хассан аж. Энэ нь нэр дэвшигч цэргийн алба хаасан байх тухай заалт юм. Гэхдээ Сонгуулийн хууль батлахаас өмнө 27 нас хүрсэн хүмүүст уг заалт хамаарахгүй. Харин Н.Энхбаярын хүүд хамаарч байгаа юм. Ийнхүү тус эвслээс жагсаалтаар сойсон зургаан хүн нэр дэвших боломжгүй болов. Өмнө нь С.Нарангэрэл, Г.Энхтөр, Н.Санжаадорж нарыг “төрийн албанаасаа түдгэлзээг үй” хэмээн бүртгээгүй юм. Мөн тус эвслээс нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн С.Авирмэд, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн З.Ойдов нарыг ч Тойргийн хороо нь бүртгэхээс татгалзсан. СЕХ З.Ойдовын асуудлыг энэ үеэр хэлэлцжээ. Тэгээд “Тойргийн хорооны шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Тэгэхээр “Шударга ёс” эвслийн найман хүн жагсаалтаас гарч байна гэсэн үг. Юутай ч хуульд зааснаар тэд маргаашийг дуустал дахин нэр дэвшүүлэх боломж бий юм. СЕХ уржигдар орой хуралдахдаа дээрх асуудлаас гадна сонгуулийн саналын хуудасны индекс, дугаарыг тогтоожээ. Мөн Сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журамд зарим өөрчлөлт оруулсан байна Үүний дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн нэг хэсэгт дөрөв хүртэл ажиглагч томилох эрхтэй болжээ.
Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан Сонгуулийн хуулийн заалт:
27.5.2. Нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхж үүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх.
29.10. Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ хуулийн 29.2-29.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
29.11.4. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана. Э.Батшугарыг жагсаалтаас хассан хуулийн үндэслэл:
26.4.3.цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх.
С.УУЛ