УИХ-ын сонгууль тойрсон хөгжилтэй явдлууд хөвөрч байна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн ч жагсаалтаар нэр дэвшигчийн бүртгэл уржигдраар дууссан. Тэгэхээр нэр дэвшүүлэх, бүртгэх, бүртгүүлэхтэй холбоотой сенсаац тасраагүй байна гэсэн үг. СЕХ-ноос “виз” даруулж чадаагүй нам, эвслүүд маргааш хүртэл дахин нэг үзээд алдах хугацаа бий. Тэд хүнээ дахин нэр дэвшүүлэх, эсвэл солих хуулийн боломжтой. За юутай ч нэр дэвшигчдийн дунд хуулиа судлаагүй, мэдлэггүйгээсээ болж хамраараа газар хатгаж буй хүн цөөнгүй байна.
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвших гэж байсан Э.Батшугар цэргийн алба хаагаагүйгээс болоод нэр дэвших боломжгүй болов. Эцгийг нь цагдан хорих төвд хорьсны дараанаас тэр хэвлэлийн “од” болсон юм. Анхны ярилцлагаа тэрбээр “Би улс төр мэдэхгүй, тиймээс өөр сэдвээр ярья” гэж байгаад эхэлсэн байсан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа тэр улс төр мэддэг болчихоод МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтын зургаад нэр дэвшсэн. За энэ ч яах вэ, нөхцөл байдал өөрчлөгдөж, хурцадсан учраас улс төр судлах 14 хоногийн дамжаанд суусан байж болох юм гэж бодъё. Гэтэл туршлагатай улстөрч эцэг нь хүүгээ зүтгүүлэхдээ цэргийн алба хаагаагүйг нь мартаж орхиж. Улс төрд өрсөлдөөн их, тэгээд ч Н.Энхбаяр ба түүний цэргүүдийг хуулийн хүрээнд өөлөх ажиллагаа өрнөх магадлалтай. Эвслийнх нь хэд хэдэн хүнийг бүртгээгүйг МАХН-ынхан ингэж тайлбарлаад эхэлчихсэн. Гол нь ямар ч өөгүй, цэвэрхэн юм хийх байтал тэд цэргийн алба хаагаагүй хүнийг зүтгүүлчихээд бүдрэв.
Бас нэг хөгжилтэй жишээ гараадахаж. Сонгуулийн тухай хууль бие даагчдад халгаатай л гээд байдаг. Үнэндээ хуулийн хүрээнд бүх материалаа ягштал сайхан бүрдүүлээд очвол нэр дэвших боломж олдож л таарна шүү дээ. Гэтэл Урангоо гэдэг эмэгтэй 805 хүний гарын үсэг цуглуулахдаа иргэний үнэмлэхийн дугаарыг нь авахаа “мартсан” хөөрхөн явдал гарсан байна. Ямар “амьгүй албат”-ын нэр цуглуулж байгаа биш дээ, Монгол Улсын иргэн мөн гэдгийг баталдаг тэр чухал бичиг баримтаар нь баталгаажуулахаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүн мэдэх ёстой шүү дээ. Ингээд тэр бүдэрсэн нь мэдээж.
Бас хэтэрхий хайнга зангаасаа болоод нэр дэвших эрхгүй үлдэх шахсан тохиолдол байна. Хоёрхон хүний нэртэй жагсаалт гаргахдаа тоон дээр будилсан “гэнэн” явдал гарчээ. Намын гишүүдийнхээ хэдэн хувийн саналаар хэн нь нэгдүгээрт, хэн нь хоёрдугаарт жагссаныг бичихдээ дарга нь алдаж будилснаас болоод бүртгэхээс түдгэлзсэн хариу СЕХ-ноос авсан байна лээ. Мэдээж өнөөх тоогоо засаад бүртгүүлсэн л дээ.
Өөр нэг хөгжилтэй явдал хөшигний ард өрнөөд дуусаж байна. Энэ бол “хүний наймаа”. Сонгуульд оролцож буй 11 нам, эвсэл жижиг, том гэлтгүй хоорондоо өрсөлдөгч. Тиймээс ямар ч хамаагүй аргаар өрсөлдөгчөө замаас зайлуулах, хүчийг нь сулруулах арга хэмжээ авч буй аж. Тухайлбал, ЭЧХН-аас тавдугаар сарын 25-нд нэр дэвшигч тодруулахдаа 5-6 хүний нэрийг жагсаалтаар эрэмбэлсэн байсан юм. Гэтэл СЕХ-нд очих замдаа хоёрхон хүн болоод цөөрчихжээ. Бусад нь яасан бэ “Хүний наймаа”-нд өртсөн байх нь. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүн нэр дэвших гэж буйг өрсөлдөгчид нь тандаж байгаад “Чамд тэдэн төгрөг өгье. Наанаасаа дэвшихээ больчих” гээд гүйцээ. Мөнгө цагаан, нүд улаан хойно яах ч арга байхгүй. Үзэл бодолдоо туйлын үнэнч биш бол шүү дээ. Иймэрхүү “хүний хулгай” байсан учраас нэр дэвшигч тодруулах сүүлчийн өдөр хүртэл жижиг голдуу намууд нэрсээ “авдартаа цоожилж” байсан юм. Гэтэл хуулийн хугацаа болоод нэр дэвшигчдээ зарласны дараа алдчихсан гэнэ шүү. Заримынх нь хувьд ийм явдал инээд биш ханиад болж байгаа биз.
Одоо сурталчилгаа тойрсон хөгжилтэй явдлууд хөвөрнө. Дөрвөн жил “хэлгүй” мэт байсан УИХ-ын эрхэм гишүүд гэнэт яриасаг болоод л, амлаж байснаа саяхнаас санаж сонгогчдын өмнө “сөгддөг” үе ирэв. Өмнөх сонгуулиар морин тэрэг, дугуй, бүр холын аймагт нисдэг тэргээр сурталчилгаа хийж байсан. Энэ жил ямар тээврийн хэрэгсэл “моодонд” орох юм бол.