Бүхэл бүтэн дөрвөн жил өнгөрчээ. Гэвч ердөө л өчигдөрхөн мэт санагдах. Дашдоржийн Зоригт хэмээх нэгэн залуугийн залуу халуун насанд эргэлзэхийн зэрэгцээ итгэж найдан УИХ-д төлөөллөө болгон илгээсэн 2009 оны аравдугаар сарын намрын тэр өдрийг санаж байна.
Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тул уг тойрогт нөхөн сонгууль боллоо. Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилсан зэвэргэн өдрүүдэд одоогийн Ардын намаас Д.Зоригтыг чингэлтэйчүүд үнэмлэхүй олонхийн саналаар сонгож байлаа.
Тухайн үед Д.Зоригт төрийн албанд туршлагатай ч улс төрд шинэхэн байлдагчийн ёсоор бидний өмнө ирж байсан юм. Гэхдээ тэр тухайн үед С.Баярын Засгийн газрын Эрдэс, баялаг, эрчим хүчний сайдын хувиар нэр дэвшиж байлаа. Тэр цагаас хойш гурван жил өнгөрч, ард түмэн одоо төрийн эрх барих дээд байгууллагаа дахин нэгэнтээ сонгох түүхэн цаг үеийн өмнө ирэв.
Одоо харин чингэлтэйчүүдийн өмнө улс төрийн шинэхэн байлдагч өнөөх Д.Зоригт биш хэдийнэ хат сууж, халуун чулуу ханатлаа атгасан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт зогсож байна. Д.Зоригтийг басаагүй нь зөв байжээ. Тэрбээр Монголын төрд зүтгэсэн эдгээр жилүүдэд сайн мууг ханатлаа үзэв. Сайныг ч гэж дээ, саарыг нь л ханаталаа сонсов. Үеийн үед, цагийн цагт монгол төр зүтгэсэн хүндээ, эрэлхэг хөвгүүддээ хатуурхдаг тэр л жамыг Д.Зоригт тойрсонгүй дайрав. Тэр гурван жилийн өмнө Чингэлтэйн нөхөн сонгуульд нэр дэвшихдээ амласан “Зорилготой зүтгэнэ, Зоригтой шийднэ” гэсэн амлалтдаа хүрчээ.
Үе үеийн Засгийн газар, УИХ хичээсээр, зүтгүүлсээр ирсэн ч ямагт гацаанд байсан “Оюутолгой” төслийг эдийн засгийн эргэлтэд оруулж тэр чадав. Монголд байтугай дэлхийд шагшигдаж байгаа энэ төсөл Монголын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг тодорхойлов. Ардчиллын 20 жиийн түүхэнд Азидаа ядуу орны тоонд багтаж, банкууд ээлж дараалан дампуурч, цалингаа ч тавьж чадахгүй, тэтгэвэр тэтгэмж доройтсоор байсан хар дарсан зүүд шиг он жилүүд ард хоцорчээ. Хамгийн гол нь энэ жил Монгол Улс эдийн засгийн хурдтай хөгжлөөрөө дэлхийд дөрөвдүгээрт бичигдэв. Энэ нь С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар, 2008-2012 онд төр барьсан УИХ-ын гавьяа боловч Д.Зоригт сайдын мэдлэг боловсрол, хатууд хатуужиж, хүйтэн үгийн жаданд сүлбүүлэн байж ар гэр, амьдрал ахуйгаа умартан байж зүтгэсэн нөр их хөдөлмөрийн ач гэж дүгнэж болно.
Ард түмний амьдралд өөрчлөлт гарч, өрх бүрийн санхүү илтэд дээрдэж байгааг монгол хүн бүр мэдэрч байгаа. Оюутолгойн гэрээг амжилттай батлан хэрэгжүүлж эхэлснээр “Монгол Улсыг хөгжүүлэх сан” байгуулагдаж, иргэн бүр сар бүр 21.000 төгрөг авч, оюутнуудын сургалтын тодорхой хувийг Засгийн газар дааж, мөн тэтгэлэгтэй болж, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааныхаа урьдчилгааг бэлэн мөнгөөр авлаа. Иргэн бүр Оюутолгойн орд газраас, хувь хишгээс хүртэж хувьцаатай боллоо. Тэтгэвэр, цалин нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн газрын хөрсөн доорх баялагтаа эзний ёсоор сууж, хишиг хувиа хүртэж байна. Энэ бол зөвхөн эхлэл. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Ард түмнээрээ, хотол олноороо нэг алхам урагшаа алхлаа. Монголын төр энэ алхмыг хийх гэж үе үеийн Засгийн газар, УИХ хичээсээр ирсэн. Та бүхэндээ, Монголын ард түмэндээ баяр хүргэе” хэмээн ёслол төгөлдөр хэлсэн байдаг юм. Ингэж Монголын эдийн засгийн хөгжлийг түргэтгэснийхээ төлөө Д.Зоригт сайд хал үзэж, халуун чулуу атгах “хувь”-тай байжээ. Хувьтай гэж хатуу сонсогдож байж магадгүй. Учир нь тэрбээр Оюутолгойн гэрээг батлуулж, Монголын ард түмний амьдралыг өөд нь татах эхний шанг хатгасныхаа төлөө Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаас гурван ч удаа огцрох дээрээ тулав.
Монголын төрд ямагт үймээн дэгдээж, будан хутгаж гаршсан хэдхээн хүн түүний хийсэн ажлыг хараар будах гэж хичээсэн. Хэрвээ Д.Зоригт үнэхээр буруу алхам хийсэн юм бол өдийд ард олноороо Оюутолгойн хишгээс хүртэхгүй, амьдрал улам ядуурсаар байх байсан биш үү. Харин ч тэрбээр “Зорилготой зүтгэж, Зоригтой шийднэ” гэсэн амлалтдаа хүрч, хэрэггүй үгийн зэвэнд идэгдэлгүй урагшаа харж, ухаарч, хатуужиж ирлээ. Одоо Д.Зоригтыг хэн басна. Хэн түүнийг юм хийгээгүй гэж хэлнэ. Хэн түүнийг улс төрд шинэ байлдагч гэж дүгнэнэ. Одоо бол Д.Зоригт хатуужиж, хал үзэж, бас Монгол төрийн хүнд буулганд хоёргүй сэтгэлээр зүтгэж чадахаа нэгэнт нотлов. Ийм хүнд юу хэлнэ. “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа” гэх миний ард түмний мэргэн үг бий. Замын дундаас ухарч няцалгүй, төр түмний их үйлсэд шантралгүй зүтгэх нугаршгүй зориг тэвчээр түүнд бий.
Хөндлөнгөөс харахад халширмаар, бүр ор сураггүй зугтаж алга болмоор, эсвэл сайн дураараа огцормоор үе түүнд бишгүй л тохиолдож байсан. Гэвч тэр няцсангүй. Төр түмэндээ өгсөн амлалт, УИХ-ын танхимд Монголын төрийн далбааны өмнө сөгдөн андгайлсан андгай ёсоор зүтгэж ирэв. Цаашид ч зүтгэсээр байх болно. Түүний сэтгэл оюунд, мэдлэг туршлагад эргэлзэх зүйл үгүй. Тийм ч учраас замын дундаас эргэж буцалгүй Чингэлтэй дүүрэгт дахин нэр дэвшсэнд нь талархъя. Чингэлтэйчүүд түүнийг андахгүй. Монголын төр ч түүнийг мэднэ. Дашдоржийн Зоригт бол Монголын төрд хэрэгтэй хүн. Үүнтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тиймээс төрийн их үйл хэрэг, түмэн олныхоо тусын тулд цаг мөч бүхэнд хатуужин шалгарч яваа Д.Зоригт сайдад итгэл хүлээлгэх дахин нэг түүхэн цаг иржээ. Бодон болгоож, бүхнийг зөвөөр шийдэх мэргэн ухаан сонгогч танд бий. Харин сонгогчийн итгэл, найдварыг хөсөрдүүлэхгүй авч явах төрийн хар хүний ухаан Д.Зоригт сайдад бий. Төр түмний өлмий амгалан оршиж, Монгол төрийн бодлого сааралгүй урагшлаг ээ.
Л.МӨНХБАЯСГАЛАН