Ид залуу халуун насандаа улс эх орондоо бие сэтгэлээ зориулсан уул шиг түшигтэй аав, хангай шиг нөмөртэй ээж нараа насан өндөр болсон үед нь төр засаг анхаарсан шиг анхаарах учиртай. Хөдөлмөрийг нь үнэлсэн шиг үнэлэх ёстой. Ахмадуудын амьдралын баталгааг бий болгох гол зүйл бол тэтгэврийг нь нэмэгдүүлэх, ая тухтай амьдрах боломжоор хангах юм. Жар ба түүнээс дээш насны найман хүн тутмын нэг нь ямар нэгэн ажил эрхэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тэгэхээр тэдний амьжиргааны гол үндэс, амин зуулга нь тэтгэвэр болж байна. Зарим ахмадын хувьд үр хүүхдүүдийнх нь хайр халамж нэмэгддэг. Гэвч үр хүүхэд, хамаатан садны хайр халамжийг хүртэж чадахгүй, төрөөс өгч буй тэтгэврээр амьдралаа залгуулдаг өчнөөн хөгшчүүл бий.
Ядуу амьдралтай хүн амын 10 орчим хувь нь 60 ба түүнээс дээш насныхан байдаг. Тиймээс төр засаг, засгийн эрх барьж буй улс төрийн намын бодлогын гол цөмд ахмадууд байж, тэдний талаар тусгайлсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж буй голлох хоёр намын мөрийн хөтөлбөрт ахмад настны талаар ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасныг хамтдаа тольдоё. Монгол Ардын Намын хувьд ахмад үеэ дээдлэн хүндэлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх урт насалж, сэтгэл хангалуун, ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Үүний зэрэгцээ ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудалд анхаарлаа онцгойлон хандуулж, “Ач санах” хуультай болох шинэлэг заалт оруулжээ. Энэ нь ахмадуудын нас нь нэмэгдэх тусам олгох тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, асаргаа сувилгааг сайжруулахад чиглэх ажээ.
Өөрөөр хэлбэл, ачийг хариулсан шиг хариулах арга хэмжээг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр болсон нь ахмадуудад нэлээд таалагдаж байгаа. Эдүгээ ахмад настанд өөрийн чадавхидаа тохирсон ажлыг тааваараа эрхлэх боломж хомс. Энэ ч утгаараа ахмад настны улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийг шударга үнэлэх зарчмаар тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргаанд хүрэлцэхүйц хэмжээнд байлгах, тэдний насны онцлог, өвөрмөц хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг Монгол Ардын Нам эрхэмлэж байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд мөрийн хөтөлбөртөө ахмад настны амьдрал ахуйг сайжруулах, сэтгэл санааг өөд татах 10-аад тодорхой заалт оруулжээ.
Харин өрсөлдөгч Ардчилсан Намын хувьд ахмадууддаа зориулж хийх ажил ердөө хэдхэн заалтаар хязгаарлагдсан байх юм. Ингэхдээ өндөр настны тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдүүлэх, инфляцаас сэргийлэх, тэтгэврийн зөрүүг арилгах гэх мэт байнга л яригддаг жижүүрийн хэдэн асуудлаас хэтрээгүй байна. Товчхондоо Ардчилсан Нам ахмад настнуудыг анхаарлын гадна үлдээчихсэн гэмээр л хэдэн заалт оруулсан ажээ. Амарч тухлах, эмчлүүлж сувилуулах, ая тухтай амьдрах гэх мэт нь ахмадуудад хамаагүй гэж үзсэн бололтой. Аль нам ахмадуудын тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэх санал дэвшүүлж сонгогч олондоо толилуулав гэдгийг доорх хүснэгтээс харна уу. Энэхүү харьцуулалт ямар улс төрийн хүчин ахмад настны төлөө ажил хийх вэ гэдгийг олон тайлбаргүйгээр харуулах баталгаа юм.

Н.БҮРЭН