Олимпийн аварга, Кубын хөнгөн атлетикч Дайрон Роблес АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Алмазан лигийн цуврал тэмцээний 110 мийн халхалттай гүйлтийн төрөлд хөлний үрэвслийн улмаас оролцож чадсангүй. Тэрбээр бэлтгэлээ дэлхийн дээд амжилт эвдэх хүртэл хэмжээнд шунан хийж байсан боловч дээрх шалтгаанаар эмнэлгийн тусламж авахаас өөр аргагүй болжээ. Түүний дасгалжуулагч саяхны ярилцлагадаа Роблесийг Лондоны олимпод оролцоно хэмээн өгүүлсэн аж.
Зургаан медаль авах даалгавар
ОХУ-ын Спортын яамнаас Санкт-Петербург хотноо өндөрлөсөн туялзуур сэлэмний Дэлхийн цомын тэмцээний дараа тамирчдадаа “Лондон-2012”-оос зургаа хүртэл медаль авах удирдамж өгсөн тухай шигшээ багийн дасгалжуулагч Владислав Павлович өгүүлжээ. Тодруулбал сэлэмчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг авах ёстой гэнэ. “Дэлхийн цомын үеэр би ихээхэн мэдээлэл олж авсан ч уг удирдамжийг биелүүлэх тухай амлахад эрт байна. Европын АШТ-ий дараа л олимпийн баг тамирчдын бүрэлдэхүүн тодорхой болно” гэж тэр ярьжээ.
Торкильдсен гурав дахь алтынхаа төлөө
Норвегийн жад шидэгч Андреас Торкильдсен ноднингийн ДАШТ-ээс мөнгөн медаль авснаас хойш спортоос нэг хэсэг хөндийрсөн. Тэгвэл тэрбээр саяхан спортын талбартаа эргэн ирж, Лондоны олимпод түрүүлэхийн төлөө үзэлцэх болно гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ энэ нь тийм ч амар биш байх болов уу. Учир нь Германы Маттиас де Зордо сүүлийн үед тун сайн шидэж буй. Дэгүгийн ДАШТ-д гэхэд Зордо түүнээс бараг хоёр метр илүү шидэж, алтан медаль хүртсэн билээ. Торкильдсений хувьд 2004, 2008 оны олимпод түрүүлээд байгаа бөгөөд Лондонд аваргалвал олимпийн гурван алттай хоёр дахь жадчин болох юм. Өмнө нь Чехийн алдарт жад шидэгч Ян Железный гурван олимп дараалан аваргалж байв.
Жокович Сербийн тугийг зална
Дэлхийн чансааг тэргүүлж буй теннисчин Новак Жокович Лондоны олимпийн нээлтэд улсынхаа тугийг барин жагсахаар болжээ. Энэ талаар Beta news agency мэдээлсэн байна. Одоогоор сербүүд спортын 14 төрөлд 100 орчим эрх аваад буй. Тэднээсээ Жоковичийг олимпийн медальд хүрэх хамгийн найдлагатай тамирчин гэж үзжээ. Жокович өнгөрсөн жил Надаль, Федерерийн ноёрхлыг зогсоон дөрвөн Их дуулгад бүгдэд нь түрүүлсэн. Мөн 2012 оны анхы Их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээнд өнгөлөөд байгаа билээ. Тэр 2008 оны олимпод хагас шигшээд шалгараад Р.Надальд хожигдсон. Гэхдээ хүрэл медалийн төлөөх тоглолтод Ж.Блейкийг хожиж, улсынхаа медалийн тоог нэгээр нэмсэн юм.