Зуны ХХХ олимпод есөн сартай, хөл хүнд эмэгтэй оролцохоор болсон нь Малайзын буудлагын тамирчин Нур Саряни Мохамед Таиби юм. Урт бууны төрөлд Лондонг зорих эрх авсан тэрбээр өндөр оноо авч, өрсөлдөгчдөө дийлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа нуусангүй. Хүүхэд тээж яваад олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчин цөөнгүй. Тэдний талаарх сонирхолтой баримтуудыг та бүхний өмнө дэлгэе.
Нур Саряни Мохамед Таиби (Малайз)
Олимп: “Лондон-2012”
Төрөл: Урт буу
Хэвлий дэх үр нь 33 долоо хоногтойд олимпийн халуун талбарт өрсөлдөх түүний амаржих хугацааг эмч нар есдүгээр сарын 2 хэмээн тооцжээ.
Харин Нурт долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 6-ны хооронд хүнд буунаасаа “салах” зав гарахгүй бөгөөд Лондонд долдугаар сарын 25-нд очихоор төлөвлөсөн гэнэ. “Зарим хүн намайг тэмцээнд оролцож чадахгүй гэж бодож байж магадгүй. Гэвч би өөртөө эргэлзэхгүй байна.
Нэг биш хоёр хүний хүч олимпод амжилттай оролцоход нөлөөлөх биз ээ” хэмээн өгүүлжээ.
Кристи Мур (Канад)
Олимп: “Ванкувер-2010”
Төрөл: Кёрлинг
Канадын эмч нар 30 настай Мурт гэртээ үлдэх ёстой гэж хатуухан сануулж байлаа. Энэ тухай дасгалжуулагчдад нь ч анхааруулж, ээж болох гэж буйг нь дуулгасан аж. Гэвч кёрлингч бүсгүй уралдааны талбараас ухраагүй төдийгүй олимпийн мөсөн талбарт Шведийн тамирчны эсрэг зоримог довтолж, багаараа мөнгөн медаль хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед тэр гурван сар хагастай хөл хүнд байжээ.
Магда Юлин (Швед)
Олимп: “Антверпен- 1920”
Төрөл: Уран гулгалт
92 жилийн тэртээх олимпод аль ч спортын төрөлд нарийн төвөгтэй элемент ховор байсан нь мэдээж. Гэхдээ тухайн үед гурван сартай жирэмсэн бүсгүй оролцож, зүгээр ч үгүй аваргын титэм хүртсэн түүхтэй. Уран гулгагч бүсгүйчүүдийн дундаас тас хар даашинзаар гангарсан гоолиг туяхан Магда онцгойрч, алтан медаль хүртэх үед түүнийг жирэмсэн гэж хэн ч төсөөлөөгүй нь мэдээж. Оны сүүлчээр үрийн зулай үнэрлэснээс хойш тэрбээр мөснөө дахин гараагүй гэдэг. Харин амьдралынхаа сүүлчийн жил буюу 90 настайдаа Стокгольмын Эзэн хааны парк дахь мөсөн гулгуурын талбайд очсон тухай нэгэн сонинд тэмдэглэн үлдээжээ.
Катерина Эммонс (Чех)
Олимп: “Бээжин-2008”
Төрөл: Урт буу
Тэрбээр эр нөхөр, Америкийн нэрт мэргэн буудагч Мэттью Эммонстойгоо Афины олимпийн үеэр танилцаж, гурван жилийн дараа хуримын бөгж солилцжээ. 2004 оны олимпод аваргалах зорилт өмнөө тавьсан Мэттьюгийн бэлтгэл “цөмөрч” наймдугаар байр эзэлсэн бол 18-тай Катерина хүрэл медалиар энгэрээ мялаав. Харин “Бээжин- 2008”-ын алтан медалийн салхийг хагалахдаа чех бүсгүй дөрвөн сартай жирэмсэн байсан бөгөөд түүний нөхөр уг наадмын дэд аварга болсон юм. Аз жаргалтай хос хожим хүү тэвэрсэн байна.
Корнелия Пфоль (Герман)
Олимп: “Сидней-2000”, “Афин-2004”
Төрөл: Байт харваа
Хоёр олимпод хоёуланд нь хөл хүнд байхдаа оролцож, хүрэл медаль хүртсэн сайхь бүсгүйгээр ард түмэн нь бахархдаг. Сиднейн олимпод шагналын тавцангийн гуравт зогсоход хэвлийд нь бойжиж байсан Мари охин тусалсан тухай нэгэн ярилцлагадаа тэр хошигнон өгүүлсэн нь бий. Харин “Афин- 2004”-т өрсөлдөхдөө найман сартай, “тэнгэр шиг гэдэстэй” байсан энэ эмэгтэй муугүй амжилт гаргажээ.
Марина Логвиненко (ЗХУ)
Олимп: “Сөүл-1988”
Төрөл: Урт буу
Дэлхийн рекордч, Дэлхийн цомын эзэн Логвиненког Сөүлийн олимпод заавал аваргална гэж шинжээчид таамаглаж байлаа. Түүнийг жирэмсэн гэдгийг нь мэдсэн мөртлөө дээд байгууллагынхан нь ийм удирдамж өгсөн байна. Олимпийн дараахан өгсөн ярилцлагадаа буудагч бүсгүй “Би бусад тэмцээнд Сөүлийн олимпод онч сорьсон шиг муу оролцсоноо санахгүй байна. Үнэхээр хэцүү байсан шүү” хэмээн өгүүлжээ. Тэрбээр “Сөүл-88”-аас хүрэл медаль хүртсэн билээ.
Лариса Куркина (ОХУ)
Олимп: “Турин-2006”
Төрөл: Гүйлтийн цана
Туриний мөс түүнд ээлтэй байлаа. Эхний уралдаандаа шилдэг аравт шалгарч, улмаар буухиа гүйлтэд алтан медаль хүртсэн тэрбээр олимпийн дараа Шведийн Фалунд болсон Дэлхийн цомд ажрахгүй оролцжээ. Олимпийн аварга тэндээс эх орондоо ирээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ гурван сартай жирэмсэн байжээ. 33 настайдаа Даша хэмээх хүү төрүүлсэн энэ бүсгүй хэдхэн сарын дараа их спортдоо эргэн ирсэн юм.
Лилия Лудан (Украин)
Олимп: “Солт-Лейк-Сити-2002”
Төрөл: Чарга
Экстрим спортын төрөлд багтдаг чарганы уралдаанд гурван сартай хөл хүнд бүсгүй хуяг дуулгандаа “найдаад” оролцсон юм. 32 настай украин чаргачин тэрхүү уралдаанд зургадугаар байр эзэлсэн нь чамлахааргүй амжилт. Олимпийн дараа хүү төрүүлсэн Лилия хожим “Ванкувер- 2010”-т оролцоод зодог тайлсан байна.
Фанни Бланкерс Кун (Голланд)
Олимп: “Лондон-1948”
Төрөл: Хөнгөн атлетик
Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Фаннигийн 80 насны “найр”-ын үеэр түүнийг ХХ зууны шилдэг хэмээн өргөмжилсөн түүхтэй. Дайны дараах анхны олимпийн 100, 200 м-ийн гүйлт, 80 м-ийн халхалттай гүйлт, буухиад түрүүлж, дөрвөн алтан медаль зүүхдээ хоёр сартай жирэмсэн байжээ. Тэрбээр тус олимпод дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан өндрийн харайлтын тэмцээнд оролцохоос татгалзсан юм.
Жуно Ирвин (АНУ)
Олимп: “Хельсинг-1952”
Төрөл: Усанд үсрэлт
Таван хүүхэд төрүүлсэн энэ бүсгүй Хельсингийн олимпийн дараа хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэжээ. 10 м-ийн тавцангаас айх зүйлгүйгээр үсрэхдээ тэр гурван сартай жирэмсэн байв. Уг олимпоос Ирвин хүрэл медаль хүртжээ.
Диана Сартор (Герман)
Олимп: “Турин-2006”
Төрөл: Скелетон
Скелетон мөн л чаргатай адил эрсдэлтэй төрөл. Уралдааны үеэр герман бүсгүйд ямар ч аюул учраагүй боловч тэр сэтгэл гонсгор үлдсэн юм. Түүний чарга цагт 135 км хүртэл хурдалж, шигшээд төвөггүй шалгарсан бөгөөд медаль хүртэхэд 0,28 секунд дутсан байна. Солт-Лейкийн олимпод ч мөн Сартор энэ маягаар уралдаж дөрөвдүгээр байр эзэлсэн түүхээ давтсан учраас тийн гонсойжээ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ