УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Цэвэлмаагийн Баярсайхан нар Даланзадгад сумын Ажнай төв талбайд өнөөдөр морин цагт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.Тус тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дотор Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн он жилүүдэд аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хөгжлийн гарцыг бий болгож ажиллаж ирснээрээ ялгарч байна.
Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд нутгийн олны үе үеийн төлөөлөл болсон 500 гаруй дэмжигчид оролцлоо.

Анх удаа сонгуульд саналаа өгөх гэж буй оюутан Т.Мөнгөнжаргал /СЭЗДС-ийн оюутан/ “нутагтаа машинаар ирэхэд 24 цаг явдаг бол онгоцоор 1 л цаг нисээд ирдэг болжээ. Яг л хотод байгаа юм шиг кино үзэж суух шинэ сайхан кинотеатртай болсонд, хүүхэд хөгшид зугаалах усан оргилуур бүхий Ажнай хэмээх төв талбайтай болсон зэрэгт би залуу хүний хувьд маш их баяртай байна. Энэ бүхнийг хийж бүтээсэн Бат-Эрдэнэ ахдаа маш их баярлаж байна. Бидний үеийнхэн нутагтаа ихийг хийж бүтээдэг Ажнайн Бат-Эрдэнэ ах шигээ болохыг хүсдэг” гэсэн бол ахмад үеийнхний төлөөлөл болсон ахмад багш Б.Равжир “1989 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг хүртэл бидний амьдарч буй говь нутгийг хэн ч сонирхдоггүй харин ч зугатдаг байсныг эргэн санахад илүүдэхгүй. Гэтэл бидний говь нутгийг дотоод гадаадынхан нүд унаган сонирхогчид олширсоор байгаа. Өмнийн говийг өмөөрч хамгаалах нь та бидний идэвхитэй оролцооноос гадна итгэл үзүүлэн УИХ-д сонгох гэж байгаа Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нараас өөр хэн байх билээ. Өмнөговьчууд бид бусад аймаг сумдыг ардаа орхиж их баялгийн эзэн нь болсны хувьд “нутгийн хишиг” хүртэж байгаа нь энэ л хүний гавьяа юм шүү гэдэгт хэн ч эргэлзэхгүй хүлээн зөвшөөрнө. Та бидний өвөг дээдэс төв Азийн өндөрлөгт орших Монгол улс тэр дундаа Өмнөговийн газрын хэвлийд ямар их баялаг хуваарлиж үлдээснийг Монгол байтугай дэлхий нийтэд гайхуулж байгаагаараа бахархаж омогшихоос өөр ямар гайхамшиг байх билээ. Та бид омогшихоос гадна хэрсүү ухаанаараа баялгыг орчин үеийн өндөр бүтээмжтэй сүүлийн үеийн шилдэг техник технологоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлох нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Хэрвээ хэвлий дэх үүцээ задалсан бол байгаль экологийн тэнцвэртэй оршин тогтнох жам хуулийг нэн тэргүүнд тавих шаардлага бүр ч хурцаар тавигдаж байна. Түүгээр ч барахгүй Өмнийн говийн иргэд ажилтай, орлоготой болж, иргэн баян бол улс баян болохын тод жишээг дэлхий нийтэд харуулах л үлдлээ. Энэхүү цогц асуудлыг хариуцлагатай уул уурхай ханган биелүүлнэ гэдгийг та бидний итгэл хүлээлгэж парламентад суулгах Д.Бат-Эрдэнэ л хууль эрх зүйн үндсийг боловсруулан батлуулж амьдралд бодитойгоор хэрэгжүүлж чадна гэдэгт энд хуран цугларсан та бүхэн болон өмнөговьчууд огт эргэлзэхгүй байгаа. Та бид, говьчууд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшүүлсэн эрхэм хүүдээ итгэл өгч араас нь шилбүүрдэхийн зэрэгцээ түшиж тулах бат суурь нь болно. Бидний нүдний өмнө парламентад илч төлөөлөл болгон суулгах Д.Бат-Эрдэнэдээ итгэл даалгавар хоёрыг хамтад нь өгч байна. Итгэж байна” хэмээн алд цагаан хадгаа өргөн барьсан юм.
Нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ бидний монголчууд нам эвслээр талцан хуваагдаж, бие биенээ муу хэлэн үгүйсгэж сонгуульд өрсөлдөх бус эв нэгдэлтэй байж, харилцан ойлголцож хөгжлийн төлөө хүчээ нэгтэхийн чухлыг дахин дахин онцолж байлаа.
Нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хэлсэн үг
Сайн байцгаана уу? Өмнөговьчуудаа. Сайхан зусацгааж байна уу миний нутгийнхаан.
Энэхүү билэгт сайн өдрийн мэндийг нийт өмнөговьчууддаа болон энд хуран цугларсан та бүгдэд хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөж мэндчилж буйг минь хүлээн авна уу.
Мөн Өмнөговь аймаг дахь Ардчилсан нам, намын мянга мянган гишүүд дэмжигчид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна аа.
Өнөөдөр бид хамтдаа ардчилсан төр улсынхаа сонгуульд оролцож, чөлөөтэй, хэнээс ч хараат бусаар, өөрийнхөө итгэл үнэмшил , үзэл бодлоороо саналаа өгч эрхт Монгол улсынхаа эзэн нь гэдгээ жинхэнэ эзний ёсоор мэдрэх, харуулах тийм чухал, эрхэм цаг үед уулзан золгож байна аа.
Монгол улс минь хөгжлийнхөө алтан зурхай дээр ирлээ. Улс орныг минь, Монголчууд та биднийг дэлхий даяар анхааран, тэд бидний зүг хэзээ ч байгаагүйгээрээ ажиглаж хараа тавих болжээ. Тэр тусмаа та бидний өлгий нутаг Өмнөговиор минь хаяглан Монгол улс, Монголчууд та бид дэлхийд танигдаж яригдах боллоо.
Өмнөговь гэхээр Монголыг, Монгол гэхээр Өмнөговийг энэ ертөнцийн аль ч хэсэгт мэддэг болжээ.Яагаад вэ? Гэдгийн учрыг энд тайлбарлах нь илүүц гэж би бодож байна аа.
Өмнөновьчууд бид ямар их азтай, бас ямар их хариуцлагатай, Монгол улс, Монгол үндэстний өмнө түүхэн үүрэг хүлээсэн нутгийн ард түмэн билээ гэдгээ мэдэрцгээж байна.
Энэ ертөнцийн эхлэлийн өлгий Өмнийн говь минь эдүгээ Их Монгол улсын хөгжил, хүчирхэгжиж дахин мандан бадрахын өлгий нутаг болоод байна. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх өвгөдийн маань үгийн биелэлийг өнөөдөр бодитоор хэрэгжүүлэх түүхэн цаг үе иржээ.Өөрөөр хэлбэл өмнөговьчууд та бидний хүчин зүтгэл, сэтгэл оюун, Монголчуудын хөдөлмөр зүтгэлээр ,Монгол хүний заяа буян дэлгэрч, жаргалтай амьдралын хүрд эргэх эсэх нь шууд шийдэгдэх болоод байна. Бид өнөөдөр нутаг усаараа, эх орноороо, үүх түүхээрээ, өв уламжлалаараа бахархаж байна. Бид Өмнийн говийнхон гэдгээрээ, улс орон минь Өмнөговь аймаг, Өмнөговьчууд та биднээр бас бахархаж байна.
Монгол хүний үнэ цэнэ, Монгол хүний саруул ухаан ямар ч Америк, Хятад, Орос Япон Канад хүнээс дутахгүй ээ. Ийм гэдгээ ч бид харуулж чадаж байна. Бид бүтээж чаддаг, бүтээн босгож чаддаг гэдгээ ч нотолж эхэллээ.
Бид элдэв нам эвсэл, хувийн эрх ашгийн өчүүхэн, явцуу сонирхолын үүднээс бие биеэсээ ялгаран талцаж, бутран жижигрэх биш,гагцхүү Монгол хэмээх нэгдмэл эрх ашгийн төлөөнөө юу юунаас ч илүү эвтэй, найртай нэгэн цул болохын чухлыг бидний туулж өнгөрүүлсэн холын хийгээд ойрын амьдрал, түүх маань сануулж байна.
Энэ дохиог уужим нутаг шигээ тэнүүн ухаантай Өмнөговьчууд ухаарч байгаад баярлаж байна аа.
“Улс шиг улс байж, хүн шиг амьдрахын төлөө хөгжлийн гараан дээр нэгдэцгээе “ гэсэн уриан дор Ардчилсан намын мөрийн хөтөлбөр боловсруулагдсан нь учиртай. Өмнөговио өөрсдөө хөгжүүлцгээе. Эх орон, нутаг ус,хувь заяаныхаа эзэн нь байцгаая Монголчуудаа.
Гадныхан биднийг гуйж, гадныхан Монголчуудаас ажил сурж, цалин авч, Монгол хүнийг хүндлэн дээдэлж, Монгол улсын маань хүчирхэгт бахардаж байг гэж би боддог.
Монгол төрийн бодлого ч үүнд чиглэсэн байх ёстой. Ийм учраас би та бүхэнтэйгээ нэг баг болж сонгуульд оролцох шийдвэр гаргасан гэдгээ энэ өдөр та бүгддээ дуулгаж байгаадаа бэлгэшээж байна.
Хэрэв тэртээх 20 жилийн өмнө ардчилалыг бид хувь заяаныхаа сонголт болгоогүй бол Монголчууд бидэнд өнөөгийн алтан цаг үе, түүхэн боломж хэзээ ч тохиохгүй байж мэдэх байлаа.
Улс шиг улс байж хүн шиг амьдрахыг боддог, бодсоноо хэрэгжүүлэх боломжийг олгосон ардчилалын үнэ цэнийг хаанахын хэнбугайгаас ч илүү ойлгож ухаардаг . Монголчууд бидэнд гагцхүү эв нэгдэл дутаад байна. Хөгжилд хүрэхэд хөрөнгө мөнгөнөөс илүү эв нэгдэл , эх оронч сэтгэл шийдвэрлэх хүчин зүйл болно оо.
Иймээс шудрага ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн ардчиллыг бүгдээрээ дэмжцгээе. Ач буяныг нь бодож хойч ирээдүйгээ бодоцгооё. Ойрыг эргэцүүлж , холыг харж сэтгэцгээе.
Эцсийн эцэст сонгууль болдгоороо болоод өнгөрнө.Гагцхүү сонголт маань зөв байж, Монгол эх орны минь тусгаар тогтнол бэхжиж Монгол хүн эх орондоо эзэн нь байж чадах сонголтыг л хийцгээе.
Элдвийг амлаж, бас үгүйсгэж бус зөвхөн урагшлах ирээдүйгээ харж холын бодолтой амьдарцгаая.
Монгол орон минь хөгжин мандан бадрах болтугай.
Монгол хүн эх нутагтаа эрх тааваараа эзэн хүн шиг амьдрах болтугай.
Өмнөговь нутгаас минь эхлэх хөгжлийн их салхи хөдөлвөл нижигнэн хөдөлтүгэй.