
Сонгуульд ялагдсан улс төрийн хүчин, улст өрчдийн өдөөсөн долоодугаар сарын 1-ний гэх дуулиант хэрэг цагдаагийн дөрвөн даргыг ялласнаар дуусав бололтой. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчиллын замыг сонгоод 20 гаруй жил болж байгаа билээ. Энэ хуулийн нэг амин сүнс нь хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх явдал гэж би ойлгож явдаг. Тухайлбал, сэжигтэн, яллагдагч хэн боловч өмгөөлүүлэх эрхтэй. Ардчиллын баталгаа болсон шүүх иргэдээ ийм эрхээр хангах учиртай. Харамсалтай нь ардчиллын замаар 20 жил замнасан шүүх дээрх хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарыг энэ эрхээр нь хангасангүй. Хараат бус, хууль дээдэлдэг шүүх, шүүгчийн талаар бид байнга ярьж ирсэн.
Шүүх, шүүгчдэд эрх дарх, цалин пүнлүүг нь боломжийнхоо хэрээр өгсөн. Гэсэн ч тэд татвар төлөгч ард иргэдийнхээ төлөө бус, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс, улстөрчдийн эрх ашигт үйлчилж ирсэн гэвэл нэг их ташаарсан болохгүй. Үүний нэг том жишээ нь дээрх хэрэг болов. Коммунизмын хана хэрмийг бид нэг ч цонх хагалалгүй, нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр нураасан гэдгээрээ дэлхийд танигдсан. Гэтэл сонгуульд ялагдсандаа хорссон, эрх мэдэлд хүрээгүйдээ уурссан хэдэн хүний хатгаасаар бидний нэг хэсэг маань адгийн шаарнаас дор авирлаж, галдан шатааж, тонон дээрэмдэж, төрийн цагдааг гудамжны нохойноос дорд үзсэн. Энэ хэрцгий явдлыг хүмүүс мартаагүй. Ийм балмад явдлын үеэр дөрвөн хүн буудуулж, амиа алдсан. Харамсалтай хэрэг мөн үү гэвэл мөн.
Гэмтнийг олж гэсгээх нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл дээрх балмад явдлыг таслан зогсоохоор ажиллаж асан цагдаагийн дөрвөн даргыг хүчээр буруутгаж, тэднээр туг тахисан болоод дээрх хэргийг хаахаар шийджээ. Ингэхдээ тэдний хууль ёсны эрхийг эдлүүлсэнгүй. Ямар ч аргаар болов шийтгэхээр шүүгчид улайрав. Шүүгчдийн хууль бус олон үйлдлийг тэвчээгүй өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээсээ арга буюу татгалзсан. Тэдний заримыг бүр хорьж цагдав. Эцэст нь шүүгдэгчдийг өмгөөлөгчгүйгээр, томилогдсон зарим өмгөөлөгчийг хавтаст хэргээс нь нэг ч хуудас уншуулалгүйгээр шүүх хуралд оролцууллаа. Энэ нь 1937 онд олон мянган иргэнээ хэлмэгдүүлсэн Онцгой бүрэн эрхт комиссын үйл ажиллагаатай агаар нэг үйл явдал болсныг олон хүн шүүмжлэн ярьж байсан. Бодвол шүүгчид сонсоо байлгүй.
Долоодугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн дөрвөн даргыг ялласан нь улс төрийн зорилготой гэж үзэх хүн олон байна. Удахгүй болох сонгуулийн өмнө улс төрийн нэг хүчнийг муухай харагдуулах гэсэн мэт үйлдэл ч юм шиг. Иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэхэд хүрсэн долоодугаар сарын 1-ний гэх хэрэг явдлыг үнэнээр нь шүүх байсан бол иргэдийг өдөөн турхирсан “Буян”-гийн гэх Б.Жаргалсайхан, гудамжны тэмцэгч Ж.Батзандан, О.Магнай нараас эхлэх байсан юм. Тэд иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудсаныг бид нүдээрээ үзэж, чихээрээ сонссон. Хэрэг явдал шал гагдаад ирмэгц өөрсдийг нь дэмжиж байсан хүмүүсийг гудамжинд хаяж, Ардчилсан намын хаяа бараадаж амиа хоохойлсон хулчгарууд шүү дээ.
Ийм нөхөд өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явна. Эгзэгтэй мөчид амь зулбасан тэд эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Улстөрчид, шүүгчид цагдаагийн дөрвөн даргыг ялласнаар долоодугаар сарын 1-ний гэх дуулиант хэргийг шийдчихлээ гэж бодож байгаа бол том эндүүрэл. Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон дээрх хурал шүүх, шүүгчид, улстөрчдийн мөн чанарыг олон нийтэд зах зухаас нь ил болгов. УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Сонгуулийн дараа ялагдсан зарим нь ард түмнээр бамбай хийж ч мэднэ. Тэр үед бүгдээрээ эв нэгдэлтэй байж, тэдний төлөө жагсахгүй юм шүү.
Д.ДАГВА