Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй уулзаж товч ярилцлага авлаа. Түүнтэй тус намаас нэр дэвшигчдийн талаар болон УИХ-ын сонгуулийн тухай ярилцсан юм.
-Энэ жилийн сонгууль урьд жилүүдийнхээс онцлогтой болно. Энэ хүрээнд МАН, АН нэрийн жагсаалтаар УИХын 2012 оны сонгуульд нэр дэвших 28 хүнийг тодруулсан. Та намынхаа нэрийн жагсаалтын талаар ямар бодолтой байна вэ? Сонгогчид юу гэж үзэж байгаа бол?
-Манай намын нэрийн жагсаалтад бичигдсэн 28 хүн бол шилж сонгогдож байж нэр дэвших эрхээ авсан хүмүүс. Бүх л салбарын төлөөлөл багтсан байгаа. Сонгогчид хэрхэн хандаж байгаа нь сонгуулийн дараа л тодорхой болно шүү дээ. Манай нам энэ жилийн сонгуульд залуучуудаа түлхүү дэмжсэн. Өөрчл өлт, шинэчлэлтийн уур амьсгалыг бий болгож чадсан. Манай нам шинэчлэлийн агуулгатай зүйл олныг хийсэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс харж, мэдэрч байгаа байх.
-Шинэчлэлт гэж та юуг хэлж байна вэ?
-Намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлтийг хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бид энэ зүг том алхам хийсэн. Ер нь манай нам бусад намуудтай харьцуулах юм бол шинэчлэлийг зоригтой хийдэг. 1990- ээд оноос хойш олон чухал шинэчлэлт хийсэн. Энэ сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа ч тэр шинэчлэлийн нэг хэсэг. Манай намын нэрийн жагсаалт уламжлал шинэчлэлийг хослуулж чадсан. Туршлагатай, тулхтай хүмүүс ч бий, шинийг хийж бүтээх гэсэн залуус ч бий. Манай нам ард түмнийхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал асуулга явуулсны үндсэн дээр нэр дэвшигчдээ тодруулсан. Тухайлбал, орон даяар нийт 1000 гаруй хүн нэр дэвшсэнээс шигшиж байгаад 76 нэр дэвшигчийг гаргасан. УИХ-ын 2008 оны сонгуульд манай намаас нэр дэвшигчид дотор 40 хүртэлх насны долоон хүн байсан бол энэ удаад 27 болж нэмэгдсэн. Парламент гэдэг өөрөө ард түмний хураангуй юм. Энэ парламентад ахмад, дунд, залуу үе, эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой. Мөн цөөнхийн төлөөлөл ч байна. Дээр нь багш, эмч нар, спортынхон, соёл урлаг, хүчний байгууллага, хөдөө аж ахуй гээд бүх салбарын төлөөллийг оролцуулахыг хичээсэн. Ийм байж чадвал парламентаас гарч байгаа шийдвэр амьдралд ойр, шинжлэх ухааны үндэстэй, ажил амьдралд нийцсэн, зөв шийдвэр болно. Энэ шаардлагыг удирдлага болгож 76 нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн.
-Та зургаадугаар сарын 28-нд болох сонгуулийг хэрхэн төсөөлж байна вэ. “Хэрэв Ардын Нам сонгуульд ялагдал хүлээвэл би хариуцлагыг нь хүлээнэ” гэж та хэлсэн шүү дээ?
-Ардын Нам ялагдал хүлээхгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний дэвшүүлсэн зорилтын 94 хувь нь биеллээ олсон. Тиймээс хийж буй ажлаа үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгоно гэдэгт итгэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр, аливаа асуудлын хариуцлагыг дарга хүн л хүлээдэг. Тиймээс л тэгж хэлсэн. Ардын Нам бол Монгол Улсын ууган хүү гэж би боддог. Ууган хүү дүү нараа өсгөж, өндийлгөх, улс эх орныхоо хөгжлийг дээшлүүлэхийн тулд олон зүйлийг хийсэн. Гэхдээ айлын ууган хүүхдүүд “би ингэсэн тэгсэн” гээд гавьяа шагнал горьдоод байдаггүй шүү дээ. Дээр хэлсэн бүхнийг тэр хийх ёстой үүргээ гэж үздэг, алдар нэр гэхээс илүү цаашид хэрхэх вэ гэдгийг бодож амьдардаг. Нэг үгээр хэлбэл, холыг харж амьдардаг гэж хэлж болно. Ардын Нам ийм л замаар замнаж байгаа улс төрийн хүчин.
-Танай намын сөрөг хүчин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэсэн итгэлтэй байгаа. Ер нь та өрсөлдөгч намууддаа хандаж юу хэлэх вэ?
-Энэ удаагийн сонгууль нэлээд онцлогтой болно. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Холимог системээр зохион байгуулах болсон нь томоохон шинэчлэлт юм. Тиймээс бусад намынханд хандаж, сонгуулийг шударгаар явуулъя гэж хэлмээр байна. Үүнийхээ илэрхийлэл болгож манай намынхан нэлээд хэдэн сарын өмнө Сонгуулийг шударга явуулах тухай уриалга гаргасан. Өөрсдөө ч энэ үзэл баримтлалынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тиймээс сөрөг хүчин болох Ардчилсан Намынханд хандаж, сонгуулийг шударга явуулцгаая гэж хэлмээр байна. Хэрэв тэгж чадвал бусад намууд биднээс үлгэр жишээ авч, сонгуулийг шударга явуулна гэдэгт итгэж байгаа.
-Үүний тулд яах ёстой гэж?
-Хамгийн түрүүнд намууд сонгуулийнхаа сурталчилгаан дээр анхаарах ёстой. Нэр дэвшигчдийнхээ улыг шайгайхын оронд шударгаар өрсөлдөж, өөрсдийн хийсэн бүтээснээ, ирээдүйд юу хийж чадахаа дэлгэн тавьж, ард түмнээрээ шүүлгэх ёстой болов уу. Ийм эрүүл саруул өрсөлдөөн өрнүүлэхгүйгээр өрсөлдөгчөө гутаах гэж улайран зүтгэх нь хэтэрхий ядсан арга. Юу хийж бүтээх гэж байгаа вэ гэдэг мөрийн хөтөлбөрөөрөө л уралдъя. Өрсөлдөгчийнхөө царай зүс, өндөр намыг хүртэл өөлж, муу муухай бүхний гол дүр болгон цоллодог, өөрийгөө өндөг шиг өөгүй болгож харагдуулах гэдэг моодноос гарсан арга барилаасаа бүх улс төрийн намууд ангижирмаар байна. Улс төрийн соёлтой байх цаг болсон. Нэн ялангуяа харьцангуй төлөвшсөн намууд жишиг үзүүлж, дүү намуудаа уриалах ёстой. Бид хоорондоо хангалттай хэрэлдэж, муудалцлаа. Хорин жил хэрэлдээд үр дүн нь юу гарав. Хэрэлдэж, маргалдсанаар хөгждөг байсан бол одоогийн байгаагаасаа хэдэн хувь илүү амьдралтай байх байсан. Тиймээс эв эеийг хичээн, сонгуульд улс төрийн соёлтой өрсөлдье гэдгийг манай нам дахин давтан уриалж байгаа. Манай намын сонгуулийн сурталчилгаа, бидний зүгээс хийж хэрэгжүүлж буй ажил ч гэсэн ийм байх болно. Энэ удаагийн сонгуулиас эхэлж саналыг автоматаар тоолох машиныг хэрэглэх гэж байна. Бүх зүйлээ автомат төхөөрөмж, машинд даатгана гэдэг нэг их хүсэх зүйл биш. Хэчнээн боловсронгуй байсан ч машин бол уураг тархитай хүн биш. Алдаа гаргах магадлалтай. Тиймээс санал хураалт дууссаны дараа жишээ болгон нэг, эсвэл хоёр тойргийн саналын хуудсыг олны нүдэн дээр гараар тоолж болно шүү дээ. Энэ тооллого машинаар тоолсонтой тохирч байвал хэн хэндээ бодож санах зүйлгүй амар.
-Танай намын мөрийн хөтөлбөр хэрэгжих хэр үндэстэй вэ? Ард түмний амьдралаас урган гарсан хөтөлбөр болж чадсан уу?
-Манай намынхан мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд нэг биш жил, нэлээд олон өдөр, сарыг зориулж, маш сайн судалгаа, дүгнэлт хийсэн. Монголын шилдэг эрдэмтдийн багийг урьж ажиллуулсан. Тэдний үзэл бодлоос гадна ард түмний санал, санаачилга түлхүү туссан байгаа. Бид “Ард түмнээ сонсъё” аяныхаа хүрээнд давхардсан тоогоор нэг сая орчим хүний саналыг сонссон. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөр бол ард түмний санаа бодлын бүрэн тусгал мөн гэж хэлмээр байна .
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.