Хилийн чанадад амьдарч буй монголчууд маань өчигдөр анх удаа төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох эрхээ эдлэв. Гадаадад суугаа монгол иргэдийн саналыг авах ажлыг ГХЯ, СЕХ-ны хамтарсан комисс зохион байгуулж буй юм. Уг комиссоос Дипломат төлөөлөгчийн газруудад нийт 39 салбар комисс байгуулсан. Эдгээрт 188 хүн ажиллажээ. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий иргэд өнгөрсөн сарын 11-31-ний өдөр хүртэл шуудан, цахим шуудан, факсаар болон биечлэн Дипломат төлөөлөгчийн газрууддаа очиж, сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн. УИХ-ын сонгуульд гадаадад амьдарч буй нийт 4329 хүн оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн аж. Гэвч 44 хүн иргэний бичиг баримтын зөрчилтэй байжээ. Тэд орон нутгийнхаа цагаар 07.00-20.00 цагт Дипломат төлөөлөгчийн газартаа очиж, 11 нам, хоёр эвслээс улс төрийн сонголтоо хийсэн юм. Төв комиссоос хилийн чанадад сонгуулийн санал авах ажил ямархуу өрнөж байгаа талаар цаг тухайд нь ГХЯ-ны цахим хуудаст мэдээлсэн байлаа.
13.00 цаг. Улаанбаатарт өчигдрийн 13:00 цагийн байдлаар БНЭУ-ын Дели, ОХУ-ын Москва хот дахь Салбар комисс санал авах ажиллагаагаа эхэлжээ. 18 салбар комисст 626 иргэн саналаа өгсөн байна. 15.00 цаг. Кувейт улсын Эль-Кувейт, БНБУ-ын Софи, БНТУ-ын Анкара, Шведийн Вант улсын Стокгольм, БНПУ-ын Варшав, БНФУ-ын Парис хот дахь Салбар комисс санал авч эхэлжээ. Энэ цаг мөчид 26 салбар коммист 1024 иргэн саналаа өгөөд байлаа.
Өчигдрийн 15.00 цагийн байдлаар санал авах ажлын явц ямар байсныг хүснэгтээс харна уу. 17.00 цаг. АБНЕУ-ын Каир, БНАУ-ын Вена, Бельгийн Вант Улсын Брюссель, БНУУын Будапешт, ИБНУ-ын Ром, ХБНГУ-ын Берлин, БНЧУын Прага, ИБУИ-ын НВУ-ын Лондон, Швейцарийн Холбооны улсын Женев хот дахь Салбар комисс санал авах ажлаа эхэлсэн байна. Энэ үед 34 салбар коммист 1515 иргэн саналаа өгөөд байлаа.
