Энэ сонгуулийн онцлог юу вэ? Шинэ тогтолцоог хуульчилснаар сонгогчид саналаа цагаан, ягаан, ногоон гэсэн гурван өнгийн хуудсаар өгнө. Улстөрчид намаасаа хоёр хувилбар нэр дэвшсэн, хоёр сонгуулийг хамт хийж байгаа зэрэг шинэ зүйлстэй тулгасан хэдий ч хуулийг бүх нам, нэр дэвшигч, сонгогч адил тэгш дагаж мөрдөх учраас үүнийг сонгуулийн онцлог гэж хэлэхэд өрөөсгөл.
Шинэ хууль бол энэ сонгуулийн онцлогийн зөвхөн нэг тал нь юм. Сонгуульд технолог зайлш гүй шаардлагатай. Бид ца хим үнэмлэх, автомат тоол логын тухай бишгүй ярьсан. Харин улс төрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө таниулах, улс төрийн ямар хүчин гэдгээ ухуулах пиарын технологийг мартвал энэ сонгууль жинхэнэ өрөөсгөл болно гэсэн үг.
Пиар миар яршиг л байна гээд сонгуулийнхаа сурталчилгааг зүгээр л баруун, солгойгүй урсгаад үзээрэй. Үр дүн нь дэндүү хохиролтой байх болов уу. Ялагдал л ирнэ. Тухайн улс төрийн нам хамгийн хүчирхэг байгаад ч, рейтинг нь хэчнээн өндөр, сонгуулийн кампанидаа үй түмэн хүн дайчлаад ч технологигүй сурталчилгаа нь байгаа оноогүй эмх замбараагүй явдал, үр ашиггүй ажил, дэмий хөлс хүч болж хувирдаг.
Улс төрийн сонгуулийн технологийн цөм хэсэг нь яах аргагүй пиар. Public Relations буюу “олон нийтийн харилцаа” хэмээх англи үгийн товчлол PR-ыг улс төрийн сонгуульд америкчууд одоогоос 200-гаад жилийн өмнөөс хэрэглэх болжээ.
Сонгуулийн пиар гэдэг нь сонгогч олон нийт болон улс төрийн нам, эвслийн эрх ашигт адилхан нийцсэн сурталчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чиг хандлагыг тогтоох, түүний үр дагаврыг урьдчилан тодорхойлох, задлан шинжлэх урлаг, мөн шинжлэх ухаан аж. Монгол сонгогчдын олонх улс төрийн пиараас цэрвэдэг хэвээр байж болох юм. Яагаад гэвэл, сонгуулийн үеийн пиарыг иргэд “гүжир гүтгэлэг” хэмээн ойлгох, дургүйцэх хандлага хэвээр байна. Энэ нь Монголын улстөрчид сонгуульд зөвхөн хар пиар ашиглаж ирсэнтэй холбоотой болов уу. Өдгөө улс төрд төдийгүй Монголын бизнесийн бүхий л салбарт сурталчилгааны технолог түгээмэл хэрэглэгдэж, пиаргүйгээр амжилт үзүүлэхэд бэрх болсон билээ. Пиар аливаа байгууллага, олон нийтийн хэрэглээнд урлаг, шинжлэх ухаан болтлоо нэвтэрсэн хэдий ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намуудын явуулж буй сурталчилгааг харахад хуучинсаг арга барил, мэдрэмжгүй өнгө төрх, үг хэллэгийг улиг болтол давтаж байгаа харагдана.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад 16 хоног үлдсэн энэ өдрүүдийн ерөнхий төрхийг ажвал, аядуу ч гэмээр тактик зонхилж байна. Гэхдээ үнэндээ бол дэндүү гөлгөр, басхүү уйтгартай хэмнэл дунд иргэд зөв сонголт хийж чадахгүй өнгөрөх вий гэсэн болгоомж төрж байгааг үгүйсгэхгүй. Монгол орон нэр дэвшигчдийн гараа гозгонуулж, худал мушийсан зураг бүхий самбараар дүүрлээ. Улигт самбарууд. Самбар гэхээр л тэгш хэмтэй, дотор нь нэг тийм зангиатай хүн байх ёстой билүү? Аль арван хэдэн жилийн өмнөхөөс өөр шинэ юм юу ч үгүй. Гэрэл зургийн шийдэл, өнгөний хувьсал яасан бэ? Үгийн шид, орчин цагийн хэв маяг, донж төрх байдаггүй ээ. Нам нь хүмүүсээ манлайлах байтал хүнийхээ хөгжлийг ойлгохгүй байж таарахгүй л дээ. Сонгогчдын талаас илүү хувь залуучуудын арми гэдгийг эрхбиш мэдэх ёстой.
Нийгмийн өөрийнх нь “үйлдвэрлэсэн” моодноос улстөрчид хоцорвол ялагдана шүү. МАН-ын “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс”, АН-ын “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн уриаг анх сонссон хэний ч анхаарал төвлөрөөгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Мөрийн хөтөлбөрүүд нь ч ялгаагүй, барьж аваад унших сэдэл үл төрүүлсэн, байдаг л нэг баримт бичгүүд. Иргэний эрхийг хайрлан хамгаалах тухай үгсийг бид залхатлаа ярьж, дөжиртлөө сонссоор ирэв. Монголын улс төрийн өрсөлдөгч гол хоёр хүчин нэг нь нөгөөгөөсөө “будаа идэв” гэмээр толгой мөр холбон зэрэгцсэн нь аль алины нь зүг анхаарал талбих учир шалтгааныг үгүйсгэх нөхцөл болж байна. Сонсоход л үнэн бодитой, урагш тэмүүлмээр, амьдралд баяр гиймээр, тэмцэлд оч бадармаар уриа гарсангүй ээ. Тэгсэн атлаа сонгуулийн штабууд нь харилцан биенийхээ уриаг үгүйсгэн егөөдөх нь бүр ч болхи үр дагаврыг өөрсдөд нь авчрах болсныг нүдээ нээгээд сайн харууштай.
Сонгуулийн пиарын амин сүнс нь сонгогч, сонгогдогч хоёр харилцан ойлголцох замаар нийцэн зохицоход хүрэх, үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэлд оршдог. Улс төрийн нам ялан гуяа МАН, АН-ын хувьд сон гуулийн технологиуд дун даас хар пиараар хөөцөл дөөд үр дүнд хүрэхээсээ өнгөрсөн цаг үед энэ удаагийн сонгууль өрнөж байгаагаараа онцлог. Сонгогчид хэр баргийн сөрөг довтолгоонд дөжрөхгүй байх нөхцлийг МАХН-аас бий болгож дөнгөсөн шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд, Ц.Шинэбаярын салаавч, Н.Энх баярын хараалын үгээс давж гарсан хар пиар хийнэ гэвэл түүндээ өөрсдөө л унахаас гарцгүй заваан сонгууль болно. Гэвч хэн нь хэн бэ гэдгийг өнөөгийн “унтаа” пиараар ялгаж салгах боломжгүй юм. Пиардаж байгаа нь энэ гээд сүүлийн хугацаанд няцааж үл амжих гүтгэлэг, зохиомол хар хэргүүдийг намууд харилцан бүү турхираасай билээ.