УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцож буй 11 нам, хоёр эвслийн алинд нь итгэл хүлээлгэхээ сонгогчид хэдхэн өдрийн дараа шийднэ. Энэ сонголтоос иргэн таны, миний амьдрал хэрхэн өөдлөн дэвжих нь шалтгаалах учраас сонгуульд үзэгний үзүүр хөдөлгөх төдийгөөр оролцох учиргүй.
Хэдийгээр арав нэлээн гаруй нам, эвсэл оролцож буй ч гол өрсөлдөөн АН, МАН-ын хооронд болоход эргэлзэх юмгүй. УИХ-ын сонгуульд бид таван удаа санал өгсөн. Үүний дөрөвт одоогийн МАН ялж, нэг удаад нь Ардчилсан холбоо эвсэл төр барьсан түүхтэй.
Сонголтоо хийхийн өмнө иргэд өнгөрсөн жилүүдэд амьдрал нь хэрхэн сайжирсан, эсвэл доройтсоныг тунгаах биз ээ. Энэ хугацаанд төрийн албан хаагчдын цалин хэдэнтээ нэмэгдэж, тэтгэвэр тэтгэмж өссөн. Эдийн засгийн өсөлт 19- 20 хувьд хүрэв. Уул уурхайн томоохон ордуудаа түрүүчээс нь эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тоологдох хэмжээнд хүрэв. Иймэрхүү тоонуудыг харвал Монгол Улс хөгжиж, иргэдийнх нь амьдрал сайжирсан баймаар санагдана. Гэвч бодит байдал дээр жирийн иргэн Доржийн гэр бүлийн амьдралд эдгээр тоо нөлөөлсөнгүй.
Эрх баригчид эдийн засаг 20 хувь хүрч өсөж байгаа тухай маадгар зарлаад байхаас биш нөгөө талд нь ядуурал мэдэгдэхүйц буурахгүй байгааг тоохгүй байна. Хоёр идэхгүй, хоосон хонодоггүй байсан өрхүүд хоосон хонох нь олон боллоо. Тэтгэвэр, цалин нэмж байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнэ түүнтэй нь шууд хамааралтайгаар өсөөд буй учир тэр сайхан тоонууд элс рүү асгасан ус мэт алга болж, иргэдийн амьдралд наалдсангүй. Өнгөрсөн он жилүүдэд амьдрал ийм л байсан, одоо ч хэвээр байна. Цаашдаа харин ямар байлгахыг 1.8 сая сонгогч удахгүй шийднэ. Бодит байдал ийм байгааг сонгогчид мэдэлгүй яах вэ. Тиймээс ч тэд өөрчлөлтийг хүсэж, хүлээж буй. Дөрвөн удаа МАН-д итгээд амьдрал сайжирсангүй, одоо тэд АН-д нэг итгээд үзэхээр сэтгэл шулуудаж байна. Иргэд өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж буйг нам, эвслийн дэргэдэх захиалгат байгууллагын биш, хөнд лөнгийн судалгаа тогтоогоод буй. МАХН ба МҮАН, ИЗНН зэрэг гуравдагч хүчнийхэнд одоогоор эрх барих хэмжээний бяд суугаагүй.
Олон нийт ч тэдэнд улс орны залуурыг итгэн хүлээлгэж төвдөхгүй. Тэгэхээр МАНаас эргэж буй иргэдийн сонголт АН дээр төвлөрч байна. Дөрвөн удаа МАН-д санал өгөөд санасандаа хүрч чадаагүй учир энэ удаа “цэнхэр сонголт” хийгээд үзэхээр сонгогчид сэтгэл шулуудаад байгаа нь олны амнаас сонсогдох болсон. Чадварлаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнүүдээ АН сойсон нь ч иргэдийн итгэлийг нэмэгдүүлж буй. Тиймээс ч хэдхэн өдрийн дараа болох УИХ-ын сонгуульд АН олонх болж, ялах магадлал илүүтэй байгаа юм. АН-ынхан ч энэ орон зайг, итгэлийг мэдрэв. 2012 оны сонгууль иргэдийн хувьд ч, АН-ын тухайд ч түүхэн ач холбогдолтой. Иргэд энэ удаа итгэл хүлгээлгэвэл олон жилийн турш буруу тийшээ хөгжиж цэцэглэсэн төрийн тогтолцоог өөрчилж, авлига хүнд суртлыг халж, иргэдээ хүн шиг амьдруулж, улсаа улс шиг хөгжүүлэхээ АН амлаж байгаа. Хөгжил цэцэглэлтийг цаасан дээр биш, бодит амьдралд хүргэхийн чухлыг тэд мэдэрч байгаа. Мөрийн хөтөлбөрөө ч иргэдийн санал бодолд тулгуурлан боловсруулсан.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулах арга хэмжээг нь хөндлөнгөөс харахад ялалтаа тэмдэглэж байгаа мэт харагдана лээ. Тэд ялна гэдэгтээ итгэлтэй байгаа хэрэг. Бас сонгуульд ялагдах эрхгүйгээр оролцож буйгаа тун хагласан. Энэ сонгууль тэдний хувьд өнгөрсөн он жилүүдэд бий болсон авлига, хүнд суртал, иргэд нь эрүүл орчинд амьдрах боломжгүй болчихсон улс орноо аврах сүүлчийн боломж. Ард түмний итгэлийг өөр рүүгээ эргүүлэх ганц зам нь. Өнгөрсөн 20 жилд АН нэг удаа эрх барьж үзсэн, заримд нь хамтарч засаглаж ч явлаа. Тэгэхээр үүссэн гажуудлаас үүрэлцэх учир тэдэнд бий. Эрх барьсан дөрвөн жилдээ энэ бүхнийг засаж ча даагүй, сөрөг хү чин байхдаа авлига, хүнд суртал цэцэглэж буйг зогсоож чадаагүйн алдаагаа тэд ирэх дөрвөн жилд засна гэж амлав. Тус намын гишүүн Б.Баабар “АН сонгуульд ялахыг нийгэм, түүх шаардаж байна. Хэрэв бид одоо л ялж, одоогийн улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог өөрчлөхгүй бол хожимдоно. Олигархиуд юунд ч дарагдахааргүй хөрөнгийн баталгаатай болчихно.
Хэрэв АН энэ удаа ялагдах юм бол хөрснөөс арчигдана” хэмээн сануулсан. Тэ гэхээр уг сонгууль АН-ын хувьд ч түүхээс арчигдах уу, түүхэнд алдарших уу гэдгээ шийдэх мөч болоод байгаа юм. Намаа ялуулах нэ гэн зорилго дор тэдний 76 хүн нэгдэж байгаа юм. Ингэж нэгдэж чадсан нь магадгүй тэднийг хэтэрхий бардам харагдуулав. Ялна гэдэтгээ итгэхгүйгээр сонгуульд оролцвол амжилт олохгүй. Тиймээс итгэл чухал. Гэхдээ хэт бардамнаж болохгүйг АН-ынхан санаж байхад илүүдэхгүй. 1996-2000 онд ардчиллын төлөөх намууд эвсэж, сонгуульд ялалт байгуулсан түүх бий. Гэхдээ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвсэл нь хагарч бутарснаас улс оронд улс төрийн хямрал нүүрлэж, тогтворгүй байдал үүсэж байсныг мартах учиргүй. Тэр үеийн хариуцлагагүй байдлыг давтах эрхгүй. Гэхдээ АН 12 жилийн өмнөх шигээ “нялх” биш. Тэр 22 жилийн түүхтэй, төр барьж, түшилцэж, алдаа, оноог нь хамт бүтээлцсэн, сөрөх үедээ сөрсөн том нам болжээ.
Ардчилсан хувьсгал хийж явсан залуус нь туршлагатай улстөрчид болсон. Дээрээс нь чадвар лаг шинэ залуустаа итгэл хүлээлгэж буй юм. Гол нь АН 12 жилийн өмнөхийг бодвол нэг цул нам болж чадсан учраас тэр үеийн сул талаа давтахгүй хэмээн амлав. Хэт бардам зангаа хязгаарлаж, учирч болох эрсдэлээ зөв тооцоолж чадвал ялах боломж АН-д байна.
С.ТУУЛ