Монголын хөгжлийн цохилох зүрх нь болоод байгаа гэх атлаа Өмнөговь аймаг харанхуй хэвээр байна. Монгол улсын ерөнхий сайд сая Даланзадгадад “бүсгүйчүүдийн” батальонтой ирээд буцлаа. Түүнийг ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон, хатагтай Б.Долгор ЗГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан туслах М.Оюунчимэг, ерөнхий сайдын хувийн зурагчин, оператор зураглаач нарын бүсгүйчүүд дагалдаж.
Хамгийн сонирхолтой нь Монгол улсын Засгийн газрын тэргүүн маань олон хүүхнүүдээс гадна УИХ-д МАН-аас нэр дэвшигч Х.Бадамсүрэнг эцэг нь мэт гараас нь хөтлөн Даланзадгадын гэрэлгүй,гундуу, эгэл борог амьдрал дунд алхахдаа тэр олон сонин, телевизийн сэтгүүлчдийг өөрийнх зураглаач,фото зурагчингүй дагуулаад ирсэн явдал юм. Өнөөдөр хэвлэл мэдээллийг улс төр,эдийн засгийн эрх мэдэлд хүрсэн цөөхөн хүн атгадаг болсон нь үнэн. Тэдгээр цөөхөн хэдийн нэг нь ерөнхий сайд гэдэг. Сонгуулийн сурталчилгааны энэ цаг дор сэтгүүлчдийг зөвхөн бодлогоор өөрийгөө, намаа, намаасаа нэр дэвшигчийг магтан дуулах зорилгоор ийн гар хоосон дагуулж иржээ.
Мань хүний багийнхны бэлтгэсэн зорилготой материалыг л тэдгээр сэтгүүлчид өөр өөрийнхөө сувгаар дамжуулах юм байна л даа. Мэдээллийн эрх чөлөө ингэж хумигдах гэж. Хэн зориудын будаж шунхдаж, хээ хуар тавьсан мэдээлэл бэлтгэж,зохион байгуулалттайгаар ард олны тархийг угаадаг юм бэ? гэвэл ард түмэнд хандах нэр нүүрээ барсан эрх мэдэлднүүд байдаг юм.
Даланзадгадын ард иргэдтэй уулзахдаа ерөнхий сайд яаж сандарч байсныг сана. “Чингис” зочид буудлын хувьчлал, Бороо гоулд,Өмнөговь аймгийн цэвэр усны гол сан болох Балгасын улаан нуурын уснаас “Энержи ресурсын” нүүрсний уурхай руу татах болсон гэх мэт “яагаад” дагуулсан олон асуултад хариулах гээд үг нь гацах ерөнхий сайдыг хараад өрөвдөж бас гайхсанаа нуух юун. Говьчуудад уснаас илүү үнэ цэнэтэй эрдэнэс гэж үгүй. Усгүй байсан дор уул уурхайгүй байсан дээр биш үү. Оюутолгой хк руу Гүний хоолойгоос секундэд 80 тонноор нь цэвэр ус татах болсноос болж энэ аймгийн газрын гадаргын ус багасаж, тэр хавийн олон худаг,булгийн ундарга татарч ширгээд байгаа нь үнэн. Энэ бүс нутагт цөлжилт улам хүчтэй,хурдтай явагдах боллоо. Тэгвэл одоо Балгасын улаан нуурын усыг “Энержи ресурс”-ийн уурхай руу татсанаар цаашдаа юу болж хувирах вэ? С.Батболдын Засгийн газарт Өмнөговийн ард иргэдийн амьдрал, бус өөрийнх нь эрх ашиг, сонирхол багтдаг уул уурхай чухал юм байна л даа. Түүний хувьцаа, оролцоо байдаг гэх “Энержи ресурс”-ийн ашиг орлого Өмнөговийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл,ирээдүйгээс хавьгүй эрхэм байдаг гэж үү. Кембрижийн стандарт,Лондоны хөрөнгийн биржийн менежмент гээд Монголоо дандаа гадныхантай нийлж луйвардсан хөтөлбөр төслөөс өөр Монгол Улс орон,монгол хүний төлөө хийсэн, бүтээсэн зүйл ерөнхий сайдаар ажилласан энэ он жилүүдэд түүнд байсан уу гэдгийг ард олон эрэгцүүлэн тунгаах эрхтэй. “Даланзадгадыг цахилгаантай болголоо. Үүнийг миний нам,миний намаас нэр дэвшигч Х.Бадамсүрэн,миний засгийн газар хийсэн юм” гэж хэлээд явсных нь дараа цаг бололгүй гэрэл унтарч, цахилгааны хязгаарлалтад орж, Даланзадгад харанхуй хэвээр үлдсэнийг С.Батболд мэдсэн болов уу. Харин Х.Бадамсүрэн Б.Долгор хоёр эрх биш мэдэрч байгаа болохоор одоо улаан нүүрээ улалзуулан яваа биз. Ард түмнийг дээр нь юу ч эрээчиж болох цагаан цаас хэмээн эрээ цээргүй доромжилдог энэ доромжлол хэзээ болихыг бүү мэдээ. Хамгийн гол нь хүнд ичих нүүр,шаналах сэтгэл байх ёстой биш үү. Яагаад нутгийнхаа төлөө сэтгэл зовнисон Өмнөговьчууд өмнө тулгамдаад буй усны нөөц,байгаль экологийн эгзэгтэй асуудлаар Засгийн газрын тэргүүндээ хандахад ард иргэдийн үг хэлэх, асуулт асуух,үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь ерөнхий сайд, түүнийг дагалдагсад хатуурхан хандсаныг С.Батболд Х.Бадамсүрэн,Б.Долгор нар тайлбарлах ёстой. Яагаад нутаг усаа,булаг,шандаа уух усаа гэсэн сэтгэлээр ерөнхий сайддаа хандсан иргэдийг уулзалтын танхимаас хөөн гаргаж,уриа, илгээх бичгийг нь хурааж авснаа бас С.Батболд,Х.Бадамсүрэн,Б.Долгор нар тайлбарлах ёстой. Засгийн газар, тэр тусмаа энэ нутаг орноос УИХ-д дөрвөн жил суухдаа Х.Бадамсүрэн гишүүн Өмнөговьчуудын төлөө юу хийснийг нь юуг хийгээгүйг нь ард түмэн дэндүү сайн мэднэ. Ерөнхий сайд Өмнөговьд ирээд хоёр цаг илүү иргэдтэй уулзахдаа өөрийгөө,засгийн газраа,намаас нэр дэвшигчээ бялууртал магтлаа. Өмнөговьчууд бид магтаалд хууртдаг ард түмэн бишээ. Тийм цаг нь өнгөрсөн. Хүн хийсэн юмтай бол,бүтээсэн гавьяатай бол,тэр нь хүртээмжтэй бол,гарт баригдаж,нүдэнд үзэгдэж,амьдралд нийцдэг бол магтаалын хэрэг юун. Ер нь өөрийгөө магтах нь хамгийн өөдгүй зан гэж монгол түмэн сэжиглэдгийг ерөнхий сайд маань энэ удаа умартсан бололтой. Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь Өмнөговьд авчирч хуралдуулсан гэдгээ дахин дахин ярихын учрыг ойлгосонгүй ээ? Говьд ирж сайд нар чинь хуралдаад юу шийдсэнийг Өмнөговьд ямар ашиг тус болсныг мэдэж, мэдэрсэн хүн одоохондоо алга. Харин ч өөрийн өврөө түнтийлгэж болох боломжийг газар дээр нь хараад,Өмнөговийн бүс нутгийг “сааж” болохоо сайд дарга нар зардал чирэгдэл гарган байж /төсвийн мөнгө шүү дээ/ говьд ирж хуралдаад сайтар анзаарсан юм биш үү. Өнгөний мууг торгоор халхалж,үнэр мууг хиншүүгээр далдалдаг гэдэг шиг энэ удаа ерөнхий сайд маань Засгийн газрын тэргүүний хувиар биш МАН-ын даргынхаа хувьд Өмнөговьд ирж улс төржиж,үндсэн хуулиар баталгаажсан үг хэлэх иргэний эрх чөлөөнд халдан утга учиргүй өөрийгөө магтаад явахдаа юугаа далдлахыг хүссэн юм бол. Таван толгой хк-ийн орон нутгийн иргэдэд байдаг 51 хувийг яагаад нутгийн олноос нууж, төрийн өмч болгох гэж зүтгэснээ Б.Долгор авгай нутгийнхандаа тайлбарлаж чадсангүй. Өнөөдөр ардчилалыг яаж ч харлуулаад ашиг, үр шимийг нь өмчлөн өөрийнх мэт яриад явах нь МАН-ыханд зохиогүй чимэг шиг байдгийг тэд мэдэхгүй байна. Ард түмэн гэдэг тэдний боддог шиг яаж ч хуурч,мэхэлж, болдог, гадныхантай нийлж худалдаж болдог,дээрэлхэж болдог, өөрсдийнх нь хэлдэг шиг юуг ч эрээчиж доромжилж болдог цаас биш шүү дээ. Хэн юуг бүтээж байгааг,хэн юуны төлөө сэтгэл зүрхээ өгч,гар бие оюунаа чилээж явааг,хэн үүнийхээ төлөө элдвээр дуудуулж, муулуулж явдгийг монголчууд эдүгээ дэндүү сайн мэддэг болсон. Сонгууль дөхөөд ирэхээр хэн ингэж сандардгийг ч мэднэ. Яагаад Монголын төр олигархжин,яагаад Монголын төрийн түшээд,сайд,дарга нар гадныханд худалдагдаж,авилгад донтож,бөхөлзөж доош орж монгол түмний хийморь сүрийг сэвтээж явдгийн учрыг ч мэддэг болж байна. Хэзээ нэгэн цагт ирэх шүүлтээс тэд үхтлээ айдаг юм. Тэр шүүлт нь сонгууль.
Тийм ч болохоор амь нь тэмцэхийн цагт өөрсдийгөө магтан “амьд бурхан” мэт ярьж явдаг юм даа. Өмнөговьдоо өмнөговьчууд л эзэн байцгааж. Өмнөговийн эрдэнэс баялаг шигээ өмнөговьчууд эрдэм боловсролтой элбэг баян амьдарцгааж, Өмнөговио өөрсдөө хөгжүүлэхийн учрыг эзэд нь, Монгол түмэн ойлгодог болсон. Эрх баригчид үргэлж толгой дээгүүр ихэмсэг бардам байдаггүйг, тэд ингэж магтаал урсгаад,царай нь хүрлийгээд, хулхи нь буугаад бидний өмнө нэгэн цагт хүрээд ирдэг л байхгүй юу. Дахиж хууртагдаж, Даланзадгад харанхуй,,харынхны нутаг шиг монгол хүн гадуурхагдаж явахыг би л лав хүсэхгүй байна. Та ч бас хүсэхгүй байгаа биз дээ.
Төлбөртэй нийтлэв