Энэ удаагийн сонгуульд шинэ зүйл олон байгаа. Анх удаа түүнийг холимог тогтолцоогоор зохион байгуулна, саналын хуудсыг тусгай цахим төхөөрөмжөөр тоолно. Бас саналын хуудас дээр хийх тэмдэглэгээ өөрчлөгдсөн. Өмнө нь сонгогчид санал өгөх хүнийхээ өмнөх дугаарыг дугуйлдаг байсан бол одоо дүүргэн будна. Хэтэрхий илүү гаргаад, эсвэл дутуу будчихвал “ухаалаг машин” түүнийг унших боломжгүй. Тэгэхээр сонгогчид хөөрхөн хичээх хэрэг гарна гэсэн үг. Өвчин зовлон хэлж ирэх биш, салга хүн байвал будах гэж будилж мэдэх л байх. Гэхдээ тойргоос бага зэрэг илүү гаргасан, дутаасныг бол эрхбиш уншина л даа. Бүр шугамаас халиад явчихвал л хүчингүй саналын хуудасны тоо нэмэгдэж, тэр хэрээр ирц хүрэхгүй болох вий гэх нэг айдас байна. Нөгөө талаар улс төрийн намуудад итгэл алдарсан сонгогч цөөнгүй. Санал өгсөн, өгөөгүй ялгаагүй юм чинь сонгуульд оролцохгүй гэж ярьж яваа хүн уншигч таны эргэн тойронд байгаа л болов уу. Ийм эргэлзэгчдийн тоо нэмэгдвэл сонгуулийн ирц хүрэхгүй болох аюултай. Ийм хоёр төрлийн айдас сонгууль буцах юм биш биз гэх эргэлзээ дагуулав.
ХҮЧИНГҮЙ ХУУДСЫГ МАШИН “ТҮЛХЭНЭ”
Сонгогчид тухайн тойргийнхоо мандатын тоогоор 11 нам, хоёр эвслээс өрсөлдөж буй хүмүүсийн дундаас сонголтоо хийж, нэрийнх нь өмнөх дугуйг будах учиртай. Дээрээс нь аль нэг намыг сонгоно. Ийм хоёр төрлийн сонголт хийнэ гэсэн үг. Дугуйг будахдаа дутуудуулах эсвэл илүү гаргах юм бол яах вэ. Энэ талаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хорооны гишүүн З.Энхболдоос лавлахад “Энэ тохиолдолд машин саналын хуудсыг уншилгүйгээр буцааж гаргана. Тиймээс сонгогч дахин нэг удаа саналын хуудас авч бөглөх боломжтой” гэлээ. Хүчингүй саналын хуудсыг машин уншихгүй учир энэ тал дээр асуудал гарахгүй нь. Харин будлиу сонгогч хоёр ч удаа хуудсаа буруу бөглөвөл дахин боломж олгохгүй юм байна. 1.8 сая сонгогчийн 10 хувь нь иймэрхүү байдлаар будилж болзошгүй гэж СЕХ тооцжээ. Тиймээс саналын хуудсыг 10 хувийн нөөцтэйгээр хэвлэсэн байна. Сонгогч саналын хуудсаа бөглөчихөөд яг тэр хэсгийг нь халхалсан тусгай уутанд хийгээд тоолох төхөөрөмжийн дэргэд зогсох даа малд “шалгуулна”. Энэ нь зохих тэмдэглэгээнээс өөр зүйл бичсэн, “тусгай тэмдэг” тавьсан байх вий гэдгээс сэрэмжилж буй юм. Үүний дараа сонгогч өөрөө хуудсаа уншуулах төхөөрөмжид хийх юм билээ. Ингээд тэмдэглэгээ буруу байвал машин уншихгүй, зөв бол цааш нь “авч одно”.
ТҮҮХЭН СОНГОЛТОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЪЯ
Энэ удаа бид түүхэн сонголт хийх гэж байгаа. Уул уурхайн баялгийн үүцээ задалж, дэлхий нийтэд Монгол Улс анхаарлын төвд орсон, эдийн засаг өссөн ийм цаг үед түүнийгээ хэрхэн эх орондоо ашигтайгаар эргэл тэд оруулах, ард түмэндээ өгөөжийг нь яаж хүртээх шийдвэрийг гаргах хүмүүсийг бид сонгоно. Зөв сэтгэл тэй, зөв бодолтой хүнээ олж сонгохгүй бол эрх мэдэлтэй цөөн хүн нь баяжиж, олонх ядуу хэвээр үлдэх болно. “Баялгийн хараал”-д эх орноо өртүүлэхгүйгээр зөв хууль, тогтоомж гаргах, зохион байгуулах үүрэг нь шинэ УИХ-д ногдоно. Харин тэр УИХ-ыг ямар хүмүүсээр бүрдүүлэхээ сонгогчид шийднэ. Тиймээс “Сонгуульд оролцохгүй” гээд хойш сууж болохгүй нь. Иргэн бүр хууль тогтоох дээд байгууллагаа сонгох улс төрийн эрхээ эдэлж, бас иргэний үүргээ биелүүлэх учиртай. Сонгуулийн ирц бүрдэхгүй буцахын хэрээр улстөржсөн хямрал үүсэж, тэр хэрээр иргэд л хохирно. Энэ удаагийн сонгуульд 1.8 сая сонгогч оролцохоор бүртгэгдсэн. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцож, эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх учиртай.