УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд долоо хоног өнгөрлөө. Гэвч сонгогчид саналаа хэрхэн өгөх талаар мэдээлэл багатай байна. Өмнөх сонгуулиудаар өдийд айл, айлын гэрт нэр дэвшигчдийн ухуулга, сурталчилгааны материал овоолоостой орж ирдэг байв. Харин энэ удаад бараа сураг нь ч алга.
УИХ, Засгийн газрын гишүүд ажлын тайлан гэх сонин, сэтгүүл хүргүүлснийг эс тооцвол бусад нэр дэвшигчийн талаарх мэдээлэл сонгогчдод өнөөдрийг хүртэл хангалтай ирсэнгүй. Арвандөрөв хоногийн дараа санал хураалт болно.
Харин сонгогчид ямар мэдээлэлтэй байна вэ? Тойрогтоо хэн нэр дэвшсэнийг мэдэх нь байтугай энэ сонгуульд яаж оролцох, саналаа ямар байдлаар, яаж өгөхөө ч мэдээгүй, ойлгоогүй хүмүүс хаа сайгүй. УИХ-ын сонгууль болж байна.
Тэр тусмаа нийслэлийн ИТХ-ын сонгуультай анх удаа хамт зохион байгуулна гэдгээрээ илүү хариуцлагатай хандахыг сонгогчдод тулгасан. Тэгсэн атлаа СЕХ, МҮОНРТ зэрэг энэ ажилд хамгийн гол үүрэгтэй оролцох ёстой төр, олон нийтийн байгууллага гайхал төрүүлэм нам жим сууна. Сонгуулийн сурталчилгаа ийм даруухан явагдаж байсан бил үү. Хотын гудамж, талбай, төв зам дагуух том том самбар дээр хаа сайгүй нэр дэвшигчдийн инээмсэглэсэн зураг өлгөөстэй.
Сайхан зурагнаас өөр мэдээлэлгүй ийм самбарууд сонгогчдод мэдээлэл өгч чадахгүй байна. Зарим нь УИХ, Нийслэлийн ИТХ-ын аль сонгуульд нь, ямар намаас нэр дэвшсэнээ бичихээ “мартсан” нь нэр дэвшигчийн биш, аль нэг брэнд хувцасны загварын сурталчилгаа мэт харагдуулаад байна. Айл айлын хаалга үүдийг амраахгүй, сурталчилгааны материал, ухуулах хуудас тарааж, орой бүр уулзалт ярилцлагын зар ирдэг байлаа.
Харин одоо таг чиг. Нэр дэвшигчид өөрийн биеэр морилж, сонгогчидтойгоо уулзаж, ядаж нэг удаа бараа зүсээ харуулдаг байсан бол одоо бүр цаас ч тараахаа больжээ. Энэ нь сонгогчдыг, ялангуяа нийслэлийн сонгогчдыг сонгуульд оролцож саналаа өгөх эсэхдээ эргэлзэхэд хүргээд байна. Нэр дэвшигчид сонгогчдод өөрсдийгөө таниулахын төлөө юу хий гээд байна вэ? Ялангуяа шинэ нэр дэвшигчдийн хувьд ийнхүү ажин түжин байх нь сонгогчдыг хуучнаа сонгоход хүргэж мэднэ. “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэж үг бийг сануулахад илүүдэхгүй.
Харин сонгогчдын хувьд мэдэхгүй, мэдээлэлгүйгээсээ болж санаа зовниж буй бас нэг асуудал саналын хуудсыг яаж бөглөхтэй холбогдож байгаа. Нэр дэвшигчийг сонгох уу, намыг нь дугуйлах уу гэдгээ одоо болтол мэдээгүй хүн ч байна. СЕХ-ны албан ёсны мэдээллээр энэ сонгуульд нэг сая 839 мянга 984 сонгогч санал өгнө. Гэтэл тэдний тэн хагас нь болох нийслэлчүүд нэр дэвшигч, нам хоёрыг хоёуланг нь сонгоно. Сонгохдоо нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг битүүлж будна гэдгийг одоо хүртэл мэдээгүй байна. Энэ нь сонгогчид саналаа өгсөн ч саналын хуудас нь хүчингүй болох магадлалыг өндөр болгож байна. Тиймээс саналын хуудас ямар байх, саналаа яаж зөв тэмдэглэх талаар уншигч танд хүргэе.
Сонгогчдод өгөх саналын хуудсын нэг хавтгай цаасан дээр хоёр төрлийн сонголтыг сонгогчид хийх ёстой. Эхнийх нь сонгуульд оролцож байгаа 13 субъект тус бүрээс тухайн тойрогт нэр дэвшсэн 1-3 нэр дэвшигчийн нэрийг бичсэн хүснэгт. Үүн дээр бие даан нэр дэвшигч нэмэгдэнэ. Аль намаас нэр дэвшсэн хэн гэдэг нэр дэвшигчийг сонгохоо эндээс харна. Харин хоёр дахь нь намыг сонгох хэсэг. Энэ нь нэр дэвшигчдийн нэрсийн доод талд бичигдсэн байх бөгөөд сонгуульд өрсөлдөж буй 13 нам, эвслийг дарааллын дагуу бичсэн байгаа. Энэ бүхнээс сонгогч хоёр сонголт хийнэ. Эхнийх нь нэр дэвшсэн хувь хүнийг сонгоно. Хоёр дахь нь нам, эвслийг сонгоно. Сонгохдоо нэр дэвшигч болон намын нэрийн өмнөх дугаар бичсэн дугуйг битүүлж будна. Будахдаа хэтэрхий том, эсвэл бага биш, зааж өгсөн дугуйгаас илүү дутуу гаргахгүйгээр нямбай будах хэрэгтэй. Хэрэв илүү том эсвэл дутуу будсан тохиолдолд санал тань хүчингүй болно. Яагаад гэвэл саналыг тань автомат машин уншиж бүртгэх учраас “ойлгохгүй”. Тиймээс заавал дугуйн хэмжээнээс илүү гаргалгүй бас дутуу үлдээлгүй яг битүү будна. Тэгээд саналын хууд саа автомат машинд хийнэ. Зөв будсан бол таны саналыг машин авч үлдэнэ. Буруу бол гаргаад шидчихнэ. Энэ тохиолдолд Та дахин нэг удаа хуудас бөглөх боломжтой.
УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудас бөглөх ажиллагаа яг адилхан. Нэг саналын хуудасны ар, өвөр талд нь УИХ, Нийслэлийн ИТХ-д өрсөлдөгчдийн нэрсийг бичнэ. Тиймээс нэг талыг нь бөглөлөө, эргүүлээд нөгөө талыг нь яг дээрх маягаар бөглөнө. Ингээд л боллоо. Сонгогчдод мэдээлэл өгөх үүднээс СЕХ-ноос гаргасан “Тур шилтын саналын хуудас” дээр сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийг би чигдэх дарааллаар нь хүргэе.
1. Монгол ардын нам, 2. Ардчилсан нам, 3. Монголын ногоон нам, 4. Иргэний Зориг Ногоон нам, 5. Монголын уламж лалын нэгдсэн нам, 6. Эх орон нам, 7. ”Гурав дахь хүчин эвсэл”, 8. Монголын социал демократ нам, 9. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, 10. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, 11. Иргэний хөдөлгөөний нам, 12. Хөгжлийн хөтөлбөрийн нам, 13. Эх орончдын нам, 14. Бие даан нэр дэвшигч. Эдгээр нам, бие даагчийг дээрх дарааллаар саналын хуудсанд бичсэн байгаа. Та үүнээс нам, бие даагчийг сонгоно.
Улс даяар хамгийн олон санал авсан нам нь намынхаа жагсаалтад бичигдсэн 28 хүнээс УИХ-д оруулна гэсэн үг. Тухайлбал, нам 30 хувийн санал авсан бол эхний 8-9 хүн нь намынхаа нэрээр УИХ-д сонгогдох эрхтэй болно. Харин бие даагчдын хувьд өөрөө өөртөө л найдахаас аргагүй. Намын жаг саалт гэсэн зүйл байхгүй учраас тухайн нэр дэвшигч бусад өрсөлдөгчдөөсөө илт давуу буюу хамгийн багаар тооцоход тойргийнхоо нийт сонгогчдын 28 хувиас дээш санал авч чадвал УИХ-д сонгогдох юм. Тиймээс бие даагчдын хувьд энэ сонгууль нэлээд өндөр босготой.
Сурталчилгааны явцаас ажиглахад улс төрийн намууд мөрийн хө- төлбөрөө сурталчлахад нэлээд анхаарал хандуулж байна. Ялангуяа, улс төрийн голлох хоёр нам МАН, АН-ын хувьд сонгогчдын тархийг мөрийн хөтөлбөрөөр “бөмбөгдөж” буй. Энэ нь 26 тойрогт 48 мандатын төлөө өрсөлдөж буй “хувь” нэр дэвшигчээс илүүтэй намын сурталчилгаандаа анхаарал хандуулж байгааг илтгэнэ. Гэхдээ намын сурталчилгаа хэчнээн сайн байгаад ч “хувь” нэр дэвшигчид нь өөрсдийгөө сонгогчдод танилцуулж чадахгүй бол ялах магадлал багасах нь тодорхой. Тэр тусмаа сонгогчдын мэдлэг, мэдээлэл шинэ сонгуульд бэлэн биш байгаа. Ийм үед сонгуулийн ирц бүрдсэн ч саналын хуудсыг буруу бөглөснөөс хүчингүй болох магадлал өндөр байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ