Сэтгүүлч мэргэжилтэй, иргэн Р.Төмөрбат Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гаднын нөлөөнд оржээ гэж сэтгүүлчдэд өчигдөр хэллээ. Сонгууль дөхөж байгаа энэ үед иргэн хүний хувьд үгээ хэлэх нь зүйтэй гэж тэр үзжээ. “2008 онд хэвлэгдсэн “С.Баатар генерал юу ярив буюу ийм л төртэй байх уу?” номд 1990 оноос хойш эрх баригч улс төрийн хүчнүүдийн үндэсний аюулгүй байдалд учруулсан хохирлыг илчлэх баримт олон бий. Үүнийг хүн бүр унших хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар ажиллаж байх үедээ С.Баатар генералыг баривчилж, дарамтлан зовоож байсан. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд маш их хэмжээний хөрөнгө цуглуулсан олигархууд ард түмнийх байх ёстой эд баялаг, гаднын орнуудын зээл тусламжийг завшсан” гэж тэр бээр ярилаа. “С.Зориг, Б.Дангаасүрэн нарын зэ рэг чухал мэдээллийн эх сурвалж дээр байсан, эрх мэдэл бүхий хүмүүсийн амь нас яагаад гэнэт үрэгддэг вэ? Үүнд эрх баригч намууд л буруутай” гээд, улс эх орноо хөгжүүлэхийн тулд сонгогчид сонголтоо зөв хийгээсэй хэмээн Р.Төмөрбат тэмдэглэв.
Б.ДЭЛГЭРМАА