УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид гарааны зурхайгаас гарснаас хойш арав гаруй хоног өнгөрч, “морьд” замынхаа талаас өнгөрөөд байна. Тэгэхээр ямархуу “морьд” өнгөлж яваа, алиных нь хөл чанга байгааг ямар нэг хэмжээгээр дүгнэх боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ газар болоогүй. Уяач, унаач хоёр ямар бодол, төлөвлөгөөтэй уралдааны замд гарсныг тааж хэлэхэд бэрх. Амыг нь татаж яваад бариа дөхөнгүүт байдаг чадлаа шавхах тактиктай нэг байхад эхнээсээ өнгөнд гарч, эрчээ алдалгүй зурхайд дөтлөх бодол той нь бас бий л байх. Бас морь улдах, эцэх, хадуу рах гээд уралдааны замд юу эс тохиолдохов. Гэхдээ аль тойрогт, хэн ялах магадлал тай, сонгуулийн дараа парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаа ямархуу байх та лаар таамаглал өрнүүлэх боломж бүрдсэн. Тий мээс бид цуврал материал нийтэлж байгаа билээ. Энэхүү таамаглалыг сонгогчдын санаа бодлыг тандсан тандалт, сонгуулийн сурталчил - гааны хэв маягт хийсэн ажиглалтад тулгуурлан хийж байгаа.
ДАРХАН-УУЛ (Хоёр мандат, 15 нэр дэвшигч)
.jpg)
Тун амаргүй тойрог. МАН өнгөрсөн сонгуульд эндээс тодорсон хоёр нэр дэвшигчээ сойсон. Хоёулаа мандат өвөрлөчих боломжтой. Д.Хаянхярваа аймгийн Засаг даргаар найман жил ажилласан, Завханы гаралтай ч Дарханы л хүн. Түүнийг Дархан хотынхон өөр нутгийнх гэж огт үздэггүй, “Манай Хаян дарга” л гэдэг. Нэр хүнд сайтай, өөрийн хүрээлэлтэй. Сангийн сайдаар ажилласан нь түүний дархлааг нэмэгдүүлсэн. Улстөржөөд байдаггүй, нээлттэй, хэнд ч болов туслахыг хичээдэг, хүмүүсийг ялгаварлаж үзэх зангүй, одоо болтол Дарханы шийдвэр гаргах түвшинд нөлөөллөө хадгалсаар байгаа нь түүнд итгэх итгэл, хүндэтгэлийг авчирдаг. Ж.Сүхбаатар Дархан хотын уугуул иргэн. 2008 оны сонгуулиар шинээр тодорсон. МАН доторх ирээдүйтэй, боловсролтой, нэр цэвэр, ажил хэрэгч, залуу улстөрчдийн төлөөлөл. Түүний санал авах гол хүчин зүйл нь энэ. Нутгийн сонгогчидтой харилцах харилцаанд албаны байр суурь нь давамгайлдаг. Хүмүүсийн дунд орж, тэдэнд өөрийгөө таниулах, өөртөө татах талаар сайн ажиллаагүй байж магадгүй. АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, аймгийн Намын хорооны дарга Г.Гантулга нар дэвшээд байгаа. Б.Мөнхтуяагийн хувьд АН-ынх, Монголын улс төр дэх “шингэн дуут”-уудын гол төлөөллийн нэг гэсэн хоёр хүчин зүйл л товойх тодотгол болно. Бусдаар бол тэр Дарханд гаднын хүн. Дарханыханд огт танигдаж, имрэгдээгүй. Тойрог олдохгүй болж, гэнэт нэр дэвшсэн болохоор тэнд сууриа тавих, бэлтгэлээ хангах нөхцөл бүрдээгүй. Г.Гантулгын хувьд улс төрийн сонгуулийн дамжаанд суралцах төдий л үйл явдал болно. Гэхдээ залуу хүний хувьд туршлага хуримтлуулах нь зөв. Ядаж байхад Дарханы АН-ын хороо эв түнжин муутай, хэдэн тийшээ харчихсан, Мөнхдашийн, Мөнхтөрийн гэх мэт бие даасан бүлэглэлүүд үүсчихсэн. Намын дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр бие даан нэр дэвшиж байгаа нь АН-ын хоёрт тун таагүй үр дүн авчирна. Тэдний хуваагдал дундуур М.Энхсайхан сэмхэн гүйчих магадлал өндөр байна. Сурталчилгаагаа яаж хийхээ, ямар байдлаар санал түүхээ тэр хэнээр ч заалгахгүй. Эвсэлд нэгдсэн МАХН-ынхан түүнд санал өгөх нь тодорхой. Монголын толгой улстөрчийн нэгний хувьд тэр парламентад сууж байхад илүүднэ гэж үгүй. Н.Энхбаяр-М.Энхсайханы хослолоос Н.Энхбаяр “гээгдсэн” болохоор тэдний цавуудсан эвслээс гол найдвар нь тэр болсон. Ийм олон хүчин зүйл М.Энхсайханы сонгогдох магадлалыг баталгаажуулж байна. Өөр нэг том өрсөлдөгч нь Үйлдвэрчний С.Ганбаатар. Бие даагчид дотор нэлээд өнгөтэй байгаа нь тэр. Гэхдээ сонгогдох хэмжээний санал хараахан авч чадахгүй байж магадгүй. Харин М.Энхсайхан гарахгүй бол оронд нь цухуйчихаж мэдэх хүн С.Ганбаатар, Ж.Сүхбаатар хоёр л болов уу. Тэгэхээр Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар, М.Энхсайхан, С.Ганбаатар нараас хоёр нь сонгогдоно гэж таамаглая. Энэ дөрвөөсөө арай илүү боломжтой нь Д.Хаянхярваа, М.Энхсайхан нар байгаа нь Дарханд хийсэн судалгаанаас харагдаж байгаа юм. Таамаглал МАН-1, “МАХН-МҮАН”-ын эвсэл -1
ОРХОН (Хоёр мандат, 15 нэр дэвшигч)
.jpg)
Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг нэг эрхийг авах нь тодорхой биз ээ. ШО-гоо Эрдэнэтийнхэн лав ойрын 10 жилдээ мартахгүй. Бараг л домог болсон захирлынхаа хүүг газар гишгүүлэхгүй шахуу өргөөд гаргаад ирэх биз. О.Содбилэг шинэ цагийн боловсрол мэдлэгтэй, улс төрийн хийгээд аж ахуйн ажлын туршлага тодорхой хэмжээгээр хуримтлуулж, өөрийгөө бас ч гэж бэлтгэчихсэн, чамбай залуу. Хэл амнаас холуур, даруухан, зөв амьдардаг, гэгээн дүр төрхтэй. Өөрийнхөө “бор зүрхээр” босгосон энэ эвтэйхэн имиж дээр аавынх нь дуурсгалт нэр хүнд нэмэгдэхээр түүний зам дардан харагдаж байна. Нөгөөх нь АН-ын Д.Одхүү. Хаалга эвдэж явсан ойворгон залуу нас нь алсалж, томоо суусан, туршлагатай, өөрийн гэсэн бодолтой, АНдаа нэр нөлөөтэй энэ эрхмийг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Түүнийг “тойрон хүрээлэгчид”- ийн бүхэл бүтэн арми тэнд бий. Одхүүгээсээ урвахыг тэд хүлцэхгүй. АН-ын нөгөө нэг нэр дэвшигч Х.Золжаргал намынхаа нэрээр л санал авахаас өөрийнхөө нүүрээр тахлах юм бага. ХХААХҮ-ийн дэд сайдаар дөрвөн жил ажилласан ч “хэлгүй” хүний дүр л бүтээсэн. Адил зиндаатай Ж.Саулегийнхаа сүүдэрт дарагдаж явсан гэхээр гялайж гялтайх юм тун бага нь ойлгомжтой. Д.Дамба-Очир зүгээр суухгүй. Тэр Эрдэнэтэд өөрийн багтай, тодорхой хүрээлэл бий болгосон. Гэхдээ УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоход түүнийг дэмжигчдийн санал хараахан хүрэлцэхгүй байх. Логийн Цог МАХН-аас давхиад оччихож. Л.Цогд өөрт нь биш, Н.Энхбаярт “хайр зарласан” хүмүүс л түүний нэрийг дугуйлах байх даа.
Таамаглал: МАН-1, АН-1
ХАН-УУЛ-БАГАХАНГАЙ-БАГАНУУР ДҮҮРЭГ
(Хоёр мандат, 16 нэр дэвшигч)
.jpg)
Гурван дүүрэг дамнасан сунгааны өнгөнд АН-ын Ц.Оюунгэрэл сугаран гарч ирэх болов уу. Улстөрч эмэгтэйчүүдийн дотроос 20 гаруй жил үйл хэрэгтээ чин үнэнч үлдсэн, нэр нүүр, албан тушаалын төлөө биш ардчилал, АН-ын төлөө туйлбартай ажиллаж амьдарсан, ухаалаг, дайчин энэ эмэгтэйн сонгогдох цаг одоо болсон. Түүний илт давуу хүчин зүйлийг АН-ынхан ямагт дутуу үнэлдгээс буруу тойрогт илгээж, үзэл бодол, ааш аяг нь сондгой хүмүүстэй баг болгож явуулсаар Оюунгэрэлийн үнэ цэнэтэй жилүүдийг алдагдуулсан. Энэ удаа арай зөв шугамд тавилаа. Гэхдээ л Багануур, Багахангай тийм ч аятайхан дэвсгэр нутаг биш. Уг нь Улаанбаатарын төвийн дүүрэгт тавьчихсан бол илүү оновчтой байлаа. Гэхдээ тэр алзахгүй биз ээ. Лу.Болдод боломж бий. Гэхдээ Ц.Оюунгэрэлийн дэргэд “нустай” л харагдаад байна даа. Өчнөөн жил улс төрийн тогоонд чанагдсан гэхэд яасан ч муу ярьдаг юм. Үг хэлнээсээ өрөөсөн гар нь илүү олон савчиж, хүнд өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаадаа бантдаг юм уу, жигтэйхэн хүчилж, ээрч түгдрэх энэ эрхэм гутал нь хөлийг нь бариад байгаа мэт нэг л шаналгаатай харагдах юм. Имижмейкерүүд нэртэй үйлчлүүлэгчдээ биш, хөлс мөнгөндөө илүү анхаарал тавьсан хүмүүс энэ мэтийг л уг нь засаж, зүлгүүрдэж байх учиртайсан. Хэрвээ энэ чигээрээ сонгуулийн сурталчилгааны хугацаагаа дуусгавал осолтой л болох байх. Намын нэр, сайдын зангараг гэх мэт давуу тал уг нь байгаа юмсан. МАН тун сулхан баг илгээсэн. Тэднээс бусдыг өөртөө татах чадвар, боловсрол мэдлэг, улс төр-бизнесийн туршлага, олонд танигдсан дүр төрхөөрөө Б.Лхагважав нь арай илүү. Гишүүн болохын тулд МАН рүү “гүйчихсэн”-д нь жаахан таагүй хандахгүй бол Лу.Болдын үлдээсэн орон зайд тэр гарч ирэх магадлалтай. Ц.Батбаярын хувьд өрсөлдөгч гурваасаа хамгийн сул нь харагдаж байна. Хотын дарга болж гэнэт цоорсон өнгөн дээрээ өсөж, төрсөн дүүрэгтээ нэр дэвшиж, орон сууц өгөх амлалтаар амталгаа хийж байж УИХ-д сонгогдсон ч өнгөрсөн дөрвөн жил үйл ажил, үзэл бодлын хувьд нэн ойлгомжгүй, саармаг эгшиг мэт дүр бүтээсэн нь түүнийг их улс төрөөс эгнэгт холдуулсан байж ч мэднэ. Сүүлчийн шаанс тул үзэж тарахаас өөр зам үлдсэнгүй дээ. Энэ тойрогт өөр нэрлэчихмээр хүн үнэхээр алга. Таамаглал: АН-1, МАН-1
БАЯНЗҮРХ-НАЛАЙХ ДҮҮРЭГ (Гурван мандат, 28 нэр дэвшигч)
.jpg)
МАН шинэ, АН хуучин хүмүүсээ дэвшүүлсэн. МАН-ынхнаас Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар илүү тод харагдаж байна. Залуу, улстөрчийн ирээдүй нь нэлээд тод, аятайхан дүр төрхтэй, дажгүй сайн боловсролтой, англи, франц хоёр ч хэлээр ярьчихдаг энэ эрхэм нэр дэвших эсэхээ өөрөө ч мэдэхгүй явж байгаад гэнэт түлхэгдсэн нь л гай болохгүй бол нэг суудал чирээд ирэх байх. Ярихдаа муугүй ч, ярьсныг нь ойлгоход амаргүй “согог”-оо засах нь ирээдүйд түүнд хэрэгтэй. Д.Арвин улс төрийн сонгуульд олон жил оролцсон хур туршлагатай. “Арвин яадаг бол” гэж байхад гараад л ирдэг чадвар түүнд бий. Улаанхуаранд аав, ээжийнх нь анд нөхдийн, өөрийнх нь чацуутнуудын хоёр ч үе бий. Дашжамц гуай, түүний гэргийг ямагт сай наар дурсдаг сайхан дурсамж Батлан хамгаалах яам, Офицерүүдийн ордон хавиар элэгдээгүй байгаа. Дээр нь “хазахаас бусдыг” хийгээд үзэх Арвины дайчин, шургуу чанарыг нэмэх юм бол боломж бий. Дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг тойрогтоо чансаа нь хамгийн өндөр байна гэж сурталчлаад байгаа нь хөөс байх магадлалтай. Кёкүшюүзаны дагалт, даамлаас суга үсэрч дүүргийн Засаг даргын олбог дээр очсон энэ хүн дахиж харайгаад УИХ-д суух төлөвлөгөө боловсруулсан нь зоригтой л хүний хийх ажил. Үнэндээ бол байдал тодорхойгүй байгаа. Мэргэжил боловсрол, мэдлэг туршлагаар түүнээс хавьгүй илүү хүмүүс энэ тойрогт хүч үзэж буй тул тэднийг өвдөг шороодуулна гэдэг өөрийгөө ч олигтой таниулаагүй түүнд амар биш биз ээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сонгуулийн хувьд хал үзэж, халуун чулуу долоосон, бараг л найдваргүй мэт нөхцөлөөс гараад ирдэг онцлогоороо Д.Арвинтай ойролцоо төрхийнх. Тэр идэвхтэй, ажил хэрэгч хүн мөн ч, улстөрчийн хувьд тийм ч том биш. УИХ-д байлаа гэхэд илүүдэхгүй, байхгүй байлаа гээд үгүйлэгдэхгүй, тийм л зиндааных. 2008 онд унахын даваан дээр шийдсэн мэх хийж даваа авсан. Энэ жил яахыг таах аргагүй. Ж.Батзанданд сонгогдох магадлал энэ жилийнхээс өнгөрсөн сонгуулийнх нь илүү байсан болов уу. “Долоон сарын 1”-ний үймээнийг өдөөсөн хэргээс яаж ч бултах гээд чадахгүй байх. Дээр нь шазуур зуусан, сэлэм эргүүлсэн “улаан хувьсгалч” төрх нь сонгогчдод нэг их таалагдахгүй байх. Уг нь улс төрийн ажлын туршлага суусан, олонд танигдсан, гайгүй боловсролтой, тэмцэгч залуу. Энэ удаа барахгүй шинжтэй. Харин И.Нарантуяа түүнээс илүү магадлалтай. Нүдэнд дулаахан төрхтэй, даруу төлөв, хашгирч савчаад байдаггүй, нэг удаа энэ тойрогт хүч үзэж олонд танигдсан, дүүрэгтээ өнгөрсөн жилүүдэд боломжийн ажилласан зэрэг нь түүний давуу тал. Нөгөө талаар эмэгтэйчүүдийг дэмжих хандлага нэг үеэ бодвол нэлээд эрчимжсэн таатай уур амьсгал энэ удаа И.Нарантуяад аятай нөлөө үзүүлнэ. О.Чулуунбат Н.Энхбаярын намаас тэнд очиж. Монголдоо толгой банкир мөн ч УИХын гишүүний малгай түүнд нэг л зохимжгүй харагдаад байсныг өөрөө мэдэрсэн эсэхийг бүү мэд. Эсрэг дүр бүтээх гээд амжилт олоогүй, намаа, тойргоо сольсон нь санал хомсдох шалтгаан болох биз ээ. Хошин шогийн Б.Батзаяа, олимпийн аварга Д.Баатаржав, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан гэх мэт олонд танигдсан олон хүн хамтдаа оочирт зогссон харагдана. Тэдэнд сонгогдох магадлал бага. Харин АН, МАН-ын саналаас зулгаах магадлалтай. АН-д илүү хохирол учрах байх. 2008 оны сонгуулиар бие дааж УИХ-д сонгогдсон З.Алтай ИЗНН-аас нэр дэвшээд байгаа. Тэртэй тэргүй хуучин тойрог дээрээ, хуучин нөхдийнхөө дунд очих юм чинь нам бараадах хэрэг байсан юм болов уу даа. Гэхдээ түүний нэр хүнд Баянзүрхийнхний дунд өндөр хэвээр байгаа. МАН, АН-ынхан шиг намын, төр засгийн нэрээр гул барьж Баянзүрхийн иргэдэд хайртайгаа нотлох боломж олдоогүй ч хэлэх гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг, жирийн ард олны дуу хоолой болж чаддаг, шударга шулуухан имиж нь хүмүүст таалагддаг. Монголын шилдэг сэтгүүлчийн нэгний хувьд сонгогчидтойгоо үг хэлээ маш амархан ололцдог. Том намуудын өө сэв дээр тоглочих, өөртөө оноо түүгээд авчих торгон мэдрэмж З.Алтайд бий. Энэ бүхнээс дүгнэлт хийгээд МАН-ын Б.Батзориг, АН-ын И.Нарантуяа, ИЗНН-ын З.Алтай сонгогдоно гэсэн таамаг дэвшүүлье.
Таамаглал: МАН-1, АН-1, ИЗНН-1
Үргэлжлэл бий