УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өнгөрсөн баасан гаригт СЕХ-нд хандан гомдол гаргажээ. Энэ нь түүний намын жагсаалт дахь эрэмбэ солигдсон гэсэн МАН-ын мэдээлэлтэй холбоотой аж. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар өөрийг нь болон намыг нь гүтгэн доромжилсон хэмээн үзжээ. Ийм мэдээллийг санаатайгаар цацсан МАН-ын нарийн бичгийн даргыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж өгнө үү хэмээн хүссэн байна. Мөн түүнийг хэвлэлийн хурал дээр ярьсан зүйлийнхээ үнэн, зөвийг нотол гэжээ.
АН-аас жагсаалтаар дэвшигчдийн эрэмбэ солигдсон эсэх тухайд эрхэм гишүүн “ҮЗХ-ны гишүүдийн 80,6 хувийн саналаар жагсаалтын есдүгээрт нэр дэвшихээр бичигдсэн. Үүнийг СЕХ-нд АН-аас хүргүүлсэн албан бичиг нотолно” гэжээ. Байдал ийм байхад ташаа мэдээлэл хийснээр Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.4, 35.24 дүгээр заалтыг тус тус зөрчсөн гэж тэрбээр үзээд дээрх хүсэлтийг СЕХ-нд гаргасан аж.
С.УУЛ