2012 оны Олимпийн тоглолт үзэх тасалбарыг нууцаар борлуулж байж болзошгүй гэсэн мэдээллийг абан ёсоор шалгаж эхэлснээ ОУОХ өнгөрсөн бямба гаригт зарлалаа. The Sunday Times сонины сэтгүүлчид мөрдөн шалгах ажиллагаа хийж, түүнийхээ үр дүнг олны сонорт хүргэсний дараа ОУОХ ийн хөдөлжээ.
Тус сонины ажилтнууд өөрсдийгөө Ойрхи Дорнодын бүс нутгийн хүмүүс болгон “тоглож”, нэлээд орны Үндэсний Олимпийн хорооныхонтой холбоо тогтоожээ. Тэгээд дор хаяхад 54 орны спортын байгууллагын ажилтнуудтай ярьж хуурамч тасалбар олж авахаар тохиролцсон байна. Тэгэхэд тасалбарын үнийг нэлээд то хиолдолд 10 дахин нэмэгдүүлэхээр ярьж байсан аж.
The Sunday Times сонины мэдээлэлд ОУОХ маш анхааралтай, ажил хэрэгч хандаж буй бөгөөд мэдээлэл нотлогдох аваас тэдгээр Үндэсний олимпийн хороонд “хамгийн хатуу чанд хандана” гэж мэдэгдсэн байна. Олимпийг зохион байгуулагчид уг тоглолтод оролцогч орнуудын үндэсний олимпийн хороодоор дамжуулан нэг сая гаруй тасалбар борлуулж буй аж. Ингэхдээ ихээхэн хатуу журам мөрдөж буй. Украины Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Геращенко энэ оны тавдугаар сард яг ийм хэрэгт холбогдож огцорсон билээ.
Тэрбээр 100 гаруй тасалбарыг нэлээд хэдэн мянган фунт стерлингээр зарах гэж байсныг “Би-Би-Си”-гийн сэтгүүлчид илчилсэн юм. Олимпийн тоглолт 2012 оны долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд Лондон хотноо болно.