Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Монголын ахмадын чөлөөт холбоо /МАЧХ/-ны тэргүүн Г.Баасангийн хийсэн ажлын талаар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Г.Баасангийн хийсэн тэмцлийн үр дүнд багш нарын цалинг 20 хувиар нэмж, ахмадуудын эрхийг хамгаалж эхэлсэн, 2127 ахмад дайчин орон сууцанд орсон” гэж ярив.
Монголын газар нутгийг хамгаалах асуудлыг ч Г.Баасан анх хөндсөн, “Алдарт эхийн одон”-гийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн, тэтгэврийг нэмсэн гэх мэт олон ажлыг түүний нэртэй холбов. Уг холбооны нэг гишүүн 22 дугаар тойргийн ард иргэдэд хандаж “Найман жилийн турш бид Г.Баасантай хамтарч ажилласан. Амласнаа хэрэгжүүлдэг, юмыг тууштай хийдэг, баримтад тулгуурлаж ярьдаг зэрэг түүний олон сайн чанарыг энэ хугацаанд бид олж харлаа. Тиймээс бие даан нэр дэвшигч Г.Баасанг сонгоорой” хэмээн уриалав.
Тус холбооны гишүүд нам бус байр суурь баримталж холбооныхоо тэргүүнийг дэмжиж байгаа аж. МАЧХ-ны 1000 гаруй гишүүний 20-30 хүн тус тойрогт оршин суудаг юм байна.
Ө.ЛХАМНОРЖИН