Лондоны олимпийн тасалбаруудыг хууль бусаар “шагласан” хэргийг ОУОХ шалгаж, энэ хэрэгт холбогдсон ҮОХдын төлөөлөгчдөд хатуу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Ашиг хонжооны төлөө улайрсан хүмүүс олимпийн нээлт, хаалт, зарим тэмцээний тасалбарыг “хар зах” дээр өндөр үнээр наймаалж буй нь илчлэгдсэн мэдээлэл Британийн “Sunday Times” сонины хуудаснаа гарсан юм.
Ялангуяа эрэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн шигшээ уралдааны билетийн үнийг хөөргөдөн борлуулсан гэх хэрэгт нэлээд орны ҮОХ-д холбогдсон байх магадлалтай тухай мэдээлэлд ОУОХ нухацтай хандаж байна.
Тасалбарыг дамлах ажилд идэвхтэй оролцсон хэргээр Украины ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Геращенко албан тушаалаасаа огцорсныг санаж буй биз ээ. Түүний гэмт хэрэг нийтэд ил болсон ч араас нь орох албан тушаалтан цөөнгүй байгаа бололтой. “Sunday Times”-ийн мөрдөгч сэтгүүлчид өөрсдийгөө Ойрхи Дорнодын бүсийн хүмүүс хэмээн танилцуулж, 54 улсын ҮОХ-дын төлөөлөгчидтэй холбоо барин, тасалбарыг өндөр үнээр олж авахаар тохиролцсон нь уг хэргийг илрүүлэх сэжүүр болж буй. “Афин- 2004” олимпийг зохион байгуулагч, Грекийн ҮОХ-ны ерөнхийлөгч Cпирос Капралосыг энэ хэрэгт сэрдэж буйгаа ч тэд нуугаагүй аж.
Харин Грекийн төлөөлөгчийн хувиар нутаг дэвсгэртээ нэмэлт тасалбарыг авах хүсэлтээ Лондоны олимпийг зохион байгуулагчдад илэрхийлснээ хүлээн зөвшөөрсөн түүнийг “Sunday Times”- ийнхан олон тооны тасалбарыг Грекээс гадагш борлуулсан хэмээн үзэж буй юм. Харин Капралос “Олимпийн хартийг зөрчөөгүй, улсдаа оногдсон хувиа л авсан” хэмээн мэдүүлэг өгчээ. ОУОХ-ноос ҮОХ-дын тасалбарын борлуулалтад хөндлөнгөөс оролцдоггүй хэдий ч энэ удаа хяналт тавихаас өөр аргагүй боллоо. Ялангуяа “Sunday Times”-т 54 оронд гэрээ хийсэн 27 төлөөлөгчийн албан ёсны баримт байгаа юм.
Олимпийн наадамд гурвантаа оролцсон, Израилийн усанд сэлэгч Яоав Брукийг билет хууль бусаар худалдан авсан тухай мэдээлэл ч гарсан. Харин тэрбээр үүнийг үгүйсгээд “Худал мэдээлэл хэвлэгдсэнд дургүй хүрч байна. Би хууль бус ажилд оролцоогүй” хэмээн Израилийн “Channel 2” телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүнчлэн АНУ-ын ҮОХ-ны топ түншийн нэг аялал жуулчлалын “Cartan Tours” компанийг шалгах ажилд оржээ. Тасалбарын борлуулалт ийн будлиан дагуулснаас гадна цахим хуудсаар билет захиалахад багагүй чирэгдэл учирч байгаад гомдол мэдүүлэх хүмүүс олширсоор. ОУОХ “Сочи-2014” цагаан олимп болон залуучуудын олимпийн үеэр ийм асуудал дахин гарах вий хэмээн болгоомжилж буйг “The Associated Press” мэдээллээ.
Б.ӨГДЭЙ