Тасалбартай холбоотой дуулиан дэгдсэний дараа Лондоны олимпийн зохион байгуулах хороо цэнгэлдэх хүрээлэнгүүдийн индрийн хоосон суудлыг цэргийн алба хаагчид, оюутнуудаар дүүргэх арга хэмжээг яаравчлан авчээ. “Вести” мэдээлснийг үзвэл, хөгжөөн дэмжигчдийн дунд тасалбар нүдний гэм болоод байхад зарим тэмцээний үеэр суудал олон арваараа эзгүй байх тохиолдол гарсан. Тиймээс элсний волейбол, гимнастик, усанд сэлэлтийн тэмцээний үеэр бямба, ням гаригийн өглөө олон зуун сул суудлыг үзэгчдэд тавьж өгсөн тухай өмнө мэдээлсэн юм. Тэгэхдээ сул үлдээсэн суудал нь спортын холбоод, үндэсний шигшээ баг, ОУОХ, спонсорууд зэргийг багтаасан “олимпийн гэр бүлд” зориулагдсан гэдгийг зохион байгуулах хороо тайлбарласан.
Олимпийн тоглолтийн эхний өдрүүдэд цэнгэлдэхийн суудлууд олноороо эзэнгүй байх нь ердийн үзэгдэл гэж тус хорооны тэргүүн Себастьян Коэ тэмдэглэв. Тэрхүү суудалд тухлах үзэгчид ямар тэмцээнийг сонгож үзэх, алийг нь үзэхгүй байхыгаа шийдэж, “график” гаргах хүртэл иймэрхүү “эзэнгүйдэл” үүсдэг гэж ноён Коэ нотлоод, Бээжингийн олимпийн үеэр ч ийм байдал гарсныг дурджээ. ХХХ олимпод найман сая орчим тасалбар гаргаснаас найман хувийг томоохон спонсорууд, 12 хувийг үндэсний олимпийн хороод, таван хувийг “олимпийн гэр бүл” авч, үлдсэн 75 хувь нь өргөн олонд оногдсон.
Авсан тасалбараа буруу хуваарилсан гэх шүүмжлэлийг спонсорууд хүлээн авахыг хүссэнгүй. Гэвч “Индепендент” мэдээлснээр, зарим ком пани ажилтнууддаа нэг өдөр, нэг цаг мөчид болох тэмцээний тасалбар давхардуулан олгосноос үзээгүй тэмцээнийх нь тасалбар дэмий үрэгдэх явдал цөөнгүй гарчээ. Ямар тэмцээнд тасалбар олон тоо гоор ашиглагахгүй буйг зохион байгуулах хороо олж тогтоох юм байна.
Одоогоор хөлбөмбөгийн тэмцээний 200.000, бусад тэмцээний уралдааны 100-200 тасалбар зарагдаагүй, эзнээ хүлээж байгаа аж.