Хэдийгээр АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг олон улсын тавцанд нэр хүндтэй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд цахиур хагалах багуудын тоонд ордог ч ганц зүйлээс болоод янкуудыг бусад улсууд төдий л тоодоггүй мэт санагддаг. Учир юу вэ гэвэл америкчууд хөлбөмбөгийг огт өөрөөр нэрлэдэг. Соккер гэж. АНУ-д хөлбөмбөгийг дуулга, том мөрөвч зүүж, зууван бөмбөг өшиглөсөн аварга биет залуусаар төлөөлүүлж ойлгодог.
Харин дэлхийн өөр бүх улсад хөлбөмбөг бол хөлбөмбөг. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт. Гэтэл соккер! Өөрийн гэсэн хөлбөмбөгтэй америкчуудын нээсэн тэнэг нэр. Гэтэл тийм биш юм аа. Хөлбөмбөгийг соккер гэж нэрлэх болсон нь уг спортын үүсч байх үетэй холбоотой төдийгүй англичууд хөлбөмбөгийг ингэж нэрлэдэг байсан гэнэ. АНУ-д Англиас нүүн ирж, “Нью Йорк Космос” багт агуу Пелег авчирч мөн 1960- аад онд Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийг үүсгэж байсан Клайв Тойе ийн өгүүлжээ.
“Соккер гэдэг нь хөлбөмбөгтэй утга ижил. Англид байхдаа би гудамжныхаа хүүхдүүдтэй тоглох үедээ хөлбөмбөгийн оронд “Алив соккер тоглоё” гэж хэлдэг л байсан. Миний л мэдэхийн их олон жилийн өмнөөс англичууд ингэж ярьж ирсэн”. Соккер гэдэг үгний уг гарлыг олж мэдэхийн тулд бид 1863 онд очих хэрэгтэй. Тухайн үед хөлбөмбөг нь зохион байгуулалтад ороогүй байсан ч хүмүүсийн дунд ихэд түгээд байсан тул хэсэг жентельмэн Лондонгийн нэгэн пабад цуглаад хөлбөмбөгийн дүрмийг стандартчилах талаар ярилцаж байлаа. Тэнд цугласан хүмүүс бол Английн хөлбөмбөгийн холбооны үндэс суурийг тавьсан эрхмүүд юм.
Британичуудын нэгэн хачирхалтай зуршил бол ямарваа юмны нэрийг товчлох. Тойе хэлэхдээ “Миний найз Брайн Жонстоныг Жоннерс гэж дууддаг байлаа. Яг үүнтэй адилаар тэд Association-ий гурав, дөрөв, тав дахь үсгийг хасаад SOCcer болгосон юм” гэжээ.
Н.ЭНХБАЯР