Монголын багийн тэмцээн уралдааны салхийг жүдоч Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа хагаллаа. Эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьж буй тэрбээр эхний барилдаанаа Палаугийн Женнифер Ансонтой хийсэн бөгөөд далайн орнуудын АШТ-ээс медаль ч авч үзээгүй өрсөлдөгчөө 47 секундэд боох мэхээр цэвэр орхив.
Хоёрдугаар тойрогт Европын залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальт Финландын Йоханна Илиненг хоёр минут 36 секундэд хөмрөх мэхээр иппон буулгасан. Улмаар манай бөх “С” хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Францын Жеврис Эманетэй тулж, найман минутын хүнд барилдааны эцэст шүүгчдийн санал (хантэй)-аар ялсан. Харин Ц.Мөнхзаяа хагас шигшээгийн буюу мөнгөн медалийн төлөөх барилдаанд Словенийн Урска Золнирт хоёр минут 18 секундэд цэвэр ялагдсан.
Дугаар шилжих мөчид тэрбээр хүрэл медалийн төлөө Японы бөх Үэно Ёшиетэй барилдаж ялагдан шагналт тавдугаар байрт орсон юм.
Байт харвааны ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг хоёр ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан юм. Тэрбээр 1/32 шигшээд эзэн орны харваач Элисон Уильямсоныг 7:3-аар, 1/16 шатанд АНУ-ын Женнифер Николсийг 6:4-өөр тус тус хожсон юм. Ийнхүү Урантунгалаг наймдугаар сарын 2-нд болох бага шөвгийн болон шигшээ харваанд оролцох эрх авлаа.