Хийн гар бууны 10 м-т 18-д орсон О.Гүндэгмаа үндсэн дасгал болох спорт гар бууны 25 м-т үүнээс ч доогуур байр
эзэллээ. Дөрвөн олимпод завсарлагагүй онч сорихдоо энэ л дасгалд дэлхийн шилдгүүдийн тоонд багтаж явсан тэрбээр Лондон-2012-т хамгийн тааруу амжилт үзүүлж, 39 тамирчнаас 577 оноогоор 27 дугаарт бичигджээ.
Жагсаалтыг тэргүүлсэн БНСУ-ын Ким Жан Ми 591 онож, олимпийн дээд амжилт тогтоосон бол, Тайландын П.Таняпорн 586 оноогоор удаалав. Гэвч шигшээ наймд тэд энэ байраа хадгалж үлдэх нь эргэлзээтэй. Томчуудаас Бээжингийн олимпод Гүндэгээгийн өмнө орж аваргын титэм хүртсэн Чень И 585, өнөө цагийн мэргэдийн тоонд зүй ёсоор багтдаг Олена Костевич (Украин) түүнтэй адил оноотой яваа юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, Германы харьяат Д.Мөнхбаяр 12-т (582) орсноор медаль авах хүслээ дөрвөн жилээр хойшлуулав. Бээжингийн олимпийн дэд аварга маань Атланта-96-д тав (981,3), Сидней-2000, Афин-2004-д хоёуланд нь зургадугаар байр (680,9, 683,4) эзэлж байсан билээ.
Б.ӨЛЗИЙ