МАН-ынхан ичсэн нүүрэндээ тавьсан шаардлагаа биелтэл “гүрийхээр” шийдсэн бололтой. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс сонгогдсон гишүүн Ц.Цолмон, О.Баасанхүү нарын тангараг өргөх ёслолд ч оролцсонгүй. Уг нь үдээс өмнө АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ “Хоёр намын дарга нар уулзсан. Ажлын хэсгийнхэнтэй нь ч ярилцсан. Тэд үдээс өмнө Бүлгээ хуралдуулъя, түр хүлээгээч гэсэн” хэмээн ярьсан юм. МАН бас л “Дахиад хэдхэн цаг хүлээгээч” гэсэн аж.
Сүүлийн хэдэн өдөр “хит” болоод байгаа энэ өгүүлбэрийг нь АН тэдний шүүмжилсэн ёсоор хүлээн авч, 11.00 цагт зарласан чуулганы хуралдааныг 15.00 цаг болгож хойшлуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан байна. 15.00 цаг нь болоход МАН-ынхан орж ирсэнгүй. Өмнө нь УИХ-ын даргыг сонгох гэж олонх тэднийг дөрвөн өдөр хүлээсэн. Гэвч орж ирээгүй учир хурлаа үргэлжлүүлсэн. Гэтэл МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин “Бид зөвшилцлийн хариуг өгөх гээд бичгээ бэлдчихсэн байсан. Хэдхэн цаг хүлээчих байсан юм” гэсэн гомдлын үг унагасан билээ. Энэ удаа хүлээгээд ч нэмэр гарсангүй.
МАН-ыг хүлээлгүйгээр Төрийн ажлыг үргэлжлүүлсэн нь зөв байсныг тэдний үйлдэл ахиад батлав. Анхдугаар хуралдааныг хийнэ гээд байхад л тэд “Манайх Бага хурлаа хийх гээд байна. Үүний дараа бол” гэсэн. Төрийн ажлыг намынхаа дараа тавьсан гэсэн үг. МАН аргадуулах гэж ядсаар олон хоног гэдийв. Одоо өөрсдөө онигоонд орж байна. Түрүүчээсээ гишүүд нь “Чуулгандаа суухгүй бол МАН-ын нэр хүнд улам унаж байна. Онигоо болох нь” гэх мэтээр учирласан сурагтай. Гэвч гэдийж гэдийж байснаа зүгээр л яваад орох нь ичгэвтэр болчихно. Энэ банталт нь “МАН төрийн дээр байдаг гээд өөрсдийгөө бодчихож“ гэсэн шүүмжлэл дагуулахад хүргэв.
Олонх хүлээсний эцэст өчигдөр МАНг үйгээр хурлаа үргэлжлүүлсэн. Нэг намаас, 25 гишүүнээс хамааралтайгаар төрийн ажил гацах ёсгүй учир үүнээс өөр аргагүй. Төрийн дээр МАН биш, МАН-ын дээр Төр, хууль байдгийг олонх өчигдөр санууллаа. Өвөрхангайн хоёр гишүүний нэрийг өргөн барь, таван тойрогт санал тоол гээд л МАН-ынхан гэдийгээд сууна. Уг нь эхний асуудлаар шүүхийн шийдвэр гарчихсан, дараагийн шат хурлыг хүлээж буй. Удаах нь СЕХ-ны мэдэх хэрэг. УИХ-ын бүрэн эрхээс хальсан, хэм хэмжээнээс хэтэрсэн шаардлага тавьж, Төрийн ажлыг гацаадгаа больё, МАН-ынхаан.
С.УУЛ