Монголын усчдыг төлөөлөн Лондоны олимпийн цэнхэр замд хурд сорьсон А.Тамир зорилгоо биелүүлж, 100 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. А.Тамир өмнө нь өөрөө улсын рекордыг 57,19 секундээр тогтоогоод байсан.
Тэгвэл олимпийн наадамд тэрбээр үүнийгээ 56,37 секунд болгон ахиулсан юм. Энэ амжилтаараа тэрбээр өөрийн замд тавд хурдалсан билээ. Харин нийлбэр дүнгээр нийт 60 тамирчнаас 49-р байр эзэллээ. Тамирыг уралдаан дуусгасных нь дараа цөөн хором хөөрөлдсөн юм.
-Өнөөдөр олимпийн замд хурд сорилоо. Төлөвлөсөн хэмжээндээ уралдаж чадав уу?
-Ямар ч байсан улсынхаа рекордыг шинэчиллээ. Гэхдээ яг хүссэндээ хүрч чадсангүй. Учир нь бид хоёр хоёулхнаа, дасгалжуулагчгүй ирсэн. Алдаа, дутагдлыг хэлж, зааж зөвлөх хүнгүй болохоор хэцүү байлаа.
-56,37 секундын амжилтыг өмнө нь бэлтгэл дээр үзүүлдэг бөайв уу?
-Анх удаагаа л ингэж уралдаж байна.
-Яагаад дасгалжуулагчгүй ирсэн юм бэ?
-Бид хоёр цагаан хуудсаар оролцож байгаа болохоор дасгалжуулагчийн орон тоо байгаагүй. Ер нь ирж болох байсан л даа. Гэхдээ яагаад ч юм болоогүй.
-Усны ордон ямархуу санагдав?
-Ордныг дандаа сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон байна лээ. Ер нь энэ удаагийн олимп шинэлэг зүйл ихтэй, маш сайн болж байгаа.
-Усны тэмцээн хэр үзэж байна?
-Бид ирээд долоо, найм хоночихлоо. Хэд хоног бэлтгэл хийсэн болохоор тэмцээн бараг үзээгүй. Харин одоо үзнэ дээ.
-Найман жилийн өмнөх Афины олимпод орсон үеийг одоогийнхтой харьцуулбал?
-Би аравдугаар ангиа төгсөөд 18 настайдаа Афины олимпод оролцсон. Тэр үеэс хойш нэлээн туршлага хуримтлуулсан. Ядаж л гараанд гарахдаа аль болох тайван байж, сэтгэлзүйгээ бэлдэж сурсан.
-Г.Оюунгэрэлийн амжилтын талаар юу хэлэх вэ?
-Улсынхаа рекордыг эвдэж чадаагүй. Гэхдээ хувийнхаа дээд амжилтыг ахиулсан. Оюунгэрэл маань наашаа ирэхээсээ өмнө бага зэрэг бэртэлтэй байсан болохоор уралдахад хэцүү байсан л даа.
-Та нар олимпийн бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Үндэсний шигшээ багийн алба биднийг Улаан-Үд рүү 50 метрийн бассейнтай газар бэлтгэлд хамруулсан. Тэнд мэргэжлийн дасгалжуулагчийн зөвлөмжийн дагуу сар гаруй бэлтгэл хийсэн. Бас Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубт сар гаруй бэлтгэл хийсэн. Ер нь нэлээн эрчимтэй бэлтгэл хийсэн дээ.
-Чиний хувийн дээд үзүүлэлтүүд ямар байдаг бол?
-Манайх 50 метрийн бассейнгүй, 25 метрт бэлтгэлээ хийж байгаад уралддаг болохоор бидэнд хүндрэлтэй. Өмнө нь жилд ганц, хоёр тэмцээнд явдаг байхад дажгүй байсан. Харин сая өөрийн рекордоо бараг нэг секундээр ахиулсан. Ер нь ойр ойрхон тэмцээнд яваад байвал амжилт гаргах магадлал өндөртэй.
-Олимпод явахад холбооны удирдлагууд ямар удирдамж өгсөн бэ?
-Бид медалийн төлөө өрсөлдөнө гэдэг хэцүү. Тиймээс улсын дээд амжилтаа эвдээд ирээрэй гэж байсан. Тэрийгээ ямар ч байсан биелүүллээ.
-Ойрын үед ямар тэмцээнд орох вэ?
-Арваннэгдүгээр сард Дубайд Азийн АШТ болно. Тэнд л орох байх.