Лондоны олимпийн морин спортын төрөлд хатан хааны ач охин медаль хүртсэн тухай дэлхийн ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Түүхийн хуудас сөхвөл олимпийн наадамд оролцсон гурван гүнж, дөрвөн ханхүү, нэжгээд ван, султаны дүү байдаг ажээ.
МАРК ФИЛЛИПС (ИХ БРИТАНИ, МОРИН СПОРТ)
Британийн армийн жирийн нэгэн албан хаагч морин спортын ачаар хатан хаан II Елизаветын цорын ганц охин Анна гүнжтэй танилцжээ. Улмаар тэд 1971 онд гэрлэсэн бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүн болсон Филлипс “Мюнхен 1972” олимпод оролцож, алтан медаль хүртсэн гэдэг.
Дөрвөн жилийн дараа “Монреаль 1976”-д амжилт муутайхан оролцож XXIV байр эзэлсэн байна. Харин Аннагаас салснаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1988 оны Сөүлийн олимпоос тэрбээр мөнгөн медаль хүртжээ.
Тэгвэл түүний охин, 31 настай Зара Филлипс “Лондон 2012”-ын морин спортын багийн гурван төрөлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, гэр бүлийнхээ амжилтын буухиаг үргэлжлүүллээ.
ФРИДРИХ КАРЛ (ГЕРМАН, МОРИН СПОРТ)
Германы эзэн хаан II Вильгелмийн 19 настай өв залгамжлагч Фридрих “Стокгольм 1912”-ын морин спортын төрөлд хамгийн залуу оролцогч болж, түүхэнд нэрээ үлдээсэн билээ. Карл тэрхүү тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж. Хожим Карл дайнд явж, үхлийн шарх олон нас нөгчсөн бөгөөд Gibson Boy хэмээх нэртэй түүний морь өөр эзний мэдэлд шилжин, дахин нэг бус олимпод “зодогложээ”. Дашрамд сонирхуулахад Стокгольмийн олимпод Карлаас гадна Оросын баатар цагаан хаан II Александрын ач хүү Дмитрий Павлович Романов вантан оролцжээ.
II КОНСТАНТИН (ГРЕК, ДАЛБААТ ЗАВЬ)
Грекийн ирээдүйн хаан Константин “Ром 1960” олимпийн далбаат завины “Луу”-гийн төрөлд багийн хамтаар түрүүлж байжээ. Хожим тэрбээр ОУОХны гишүүн болсон байна.
ИНЬЯКИ УРДАНГАРИН (ИСПАНИ, ГАНДБОЛ)
Испанийн хаан Хуан Карлосын бага охины нөхөр, Пальма де Мальоркагийн герцог хэргэмтэй, дон Иньяки Урдангарин Либарт нэртэй нэг бус олимпод оролцсон тамирчин. Хоёр метр гаруй өндөр нуруутай баск эр 1990-ээд оны Испанийн шигшээ, “Барселона”-гийн лидер тоглогч байсан бөгөөд олимпийн наадмаас хоёр хүрэл хүртжээ. Түүний гэргий Кристина Сөүлийн олимпийн нээлтийн ёслолд Испанийн тугийг барин жагссан бөгөөд, далбаат завины “Торнадо” төрөлд XX байр эзэлжээ. Түүгээр ч барахгүй эзэн хаан Хуан Карлос өөрөө Мюнхений олимпийн далбаат завины төрөлд XV байр эзэлж байв.
V УЛАФ (НОРВЕГИ, ДАЛБААТ ЗАВЬ)
Ханхүү Улаф Харальд 1964-72 оны олимпийн наадамд далбаат завины төрлөөр оролцсон ч медаль авч чадаагүй гэдэг. Гэхдээ V Улаф тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, хорт хавдраа ялан дийлсэн бөгөөд 2005 онд 68 насандаа Европын АШТ-д оролцож явжээ.
НАТАЛИ (ДАНИ, МОРИН СПОРТ)
Данийн хатан хаан Маргретагийн охин, Натали гүнж багаасаа морин спортоор хичээллэжээ. Тэрбээр Бээжингийн олимпод оролцох Данийн шигшээ багт багтсан төдийгүй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн аж. 2010 оны эхээр Натали хувийн морин спортын клубээ байгуулжээ.
II АЛЬБЕР (МОНАКО, БОБСЛЕЙ)
Монакогийн хунтайж олимпийн наадамд оролцсон тоогоороо ямар ч ихэс дээдсийг дагуулахгүй. 1988-2002 он хүртэлх өвлийн таван олимпод оролцсон түүний хамгийн том амжилт нь Калгарид XXIII байр эзэлсэн явдал.
Ханхүү Альбер бобслейгоос гадна хөлбөмбөг, жүдо, усанд сэлэлтээр хичээллэдэг. Тэр ч байтугай ПарисДакар олон өдрийн ралли уралдаж явсан “их гар”.
ЖЕФРИ БОЛКИАХ (БРУНЕЙ, БУУДЛАГА)
Брунейн султаны отгон дүү Болкиах Атланта, Сиднейн олимпийн хийн буудлагын төрөлд өрсөлджээ. Мөн Йорданы хаан Хусейны охин Хайе гүнж Сиднейн олимпийн морин спортын конкур төрөлд өрсөлдөж байжээ.
Р.МАНЛАЙ