Гарлаа, өрлөө, дэвлээ... Олимпийн аварга Найдангийн Түвшин баярын барилдааныг ингэж дүрсэлж болох мэт. Аварга аваргаараа үлддэгийг Бээжингийн олимпийн баатар маань будант Альбионы татамид жинхэнэ утгаар нь харуулав.
Дөрвөн жилийн тэртээ яг л энэ хэмнэлээр барилдаж, дэвжээнд гаруутаа өрсөлдөгчдөө богино хугацаанд ялж байсан тэрбээр буурал Европт ч мөн эр чадлаараа гайхуулан, дэд аваргаар шалгарч, зон олноо баярлуулав.
Түвшээ маань -100 кг-д эхний тойрогт Тайландын жүдоч Теерават Хомклинийг 55 дахь секундэд, дараа нь Фран цын жүдоч Тьерри Фабрег мөн л цэвэр савсан юм.
Олимпийн аварга маань франц эрд хоёр жилийн тэртээх ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдсон хариугаа ийн авлаа. Удаах тойрогт тэрбээр Азийн гурван удаагийн аварга,
Узбекистаны С.Рамзиддинийг мөн л ядах зүйлгүй буулгаж авсан бөгөөд мөнгөн медалийн төлөө Гуу лин улсын тамирчин Хван Хиг юүко үнэлгээгээр дийлсэн юм. Энэ үеэр түүний ужиг бэртэл сэдэрсэн ч шүд зуун барилдсаар мөнгөн медалиа зүүлээ. Солонгос эр Азийн наадмын хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, манай тивийн шилдгүүдийн нэг байсан хэдий ч, олимпийн аваргын зангаргыг Түвшинбаяр түүнд мэдрүүлсэн.
Ийнхүү дэлхийн шилгүүдийг ээлжлэн сөхрүүлсэн тэрбээр алтан медалийн төлөө дэлхий болон Европын аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай өрсөлдөж ялагдсан. Өнгөрсөн жилийн ДАШТ-д Түвшинбаяр энэ тамирчныг ялж байсан юм. Хэрэв гэмтэл нь сэдрээгүй бол барилдааны хувь заяа өөрөөр эргэж болох байв. Гэвч агуу тамирчин, аварга хүн ямар байдгийг дөрвөн жилийн мөчлөгт дахиад харуулсан, олимпийн хос медальт Монголын анхны тамирчин болсон алдарт жүдочоороо монголчууд байхархаж байна.
Дөрвөн жилийн тэртээх жаргалтай өдөр, баяртай агшин дахин давтагдаж, бид аваргыхаа цамцны захыг мушгин, Түвшинбаяраараа “амьсгаллаа”.
Б.ӨЛЗИЙТОГТОХ