УИХ-ын бие даагч гурван гишүүн өчигдөр мэдээлэл хийв. Сонгуулийн үеэр мөнгө, бэлэг сэлт тараах замаар сонгогчдын саналыг худалдан авах, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон гэмт хэрэгт СЕХ тэгш бус хандаж байгааг тэд шүүмжилсэн юм. Энэ асуудалд бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулахыг Ерөнхийлөгчид уриалж буй аж. Түүнчлэн ард түмний итгэлийг хүлээж Төрийн эрх барих үүрэг хүлээсэн УИХ-ын гишүүд намынхаас илүү улс орны эрх ашгийг дээгүүрт тавин Төрийн ажлыг тасалдуулалгүй явуулааач хэмээн уриаллаа.
Ялангуяа тойрогт нэр дэвшин ард түмнээс шууд сонгогдсон гишүүд намын бодлогод захирагдан ард түмний эрх ашгийг хөсөр орхиж болохгүй гэсэн юм. Гишүүн Х.Болорчулуун “Эрх ашиг, сонирхолд нь нийцэхгүй бол хориг саад болж, бусад үед нь хууль бус байсан ч нүдээ аниад өнгөрүүлдэг, асуудлыг тохиролцоо, наймаагаар шийддэг жишгийг үгүй болгох ёстой. Ийм зорилгоор бид уриалга гаргаж байна” гэв. Дараа нь тэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд уриалгаа гардуулж өгсөн байна.
Ерөнхийлөгчид хандсан тэдний уриалгад “УИХ-ын сонгууль болсноос хойш бүтцийн байгууллагаа эмхлэх хангалттай хугацаа өнгөрлөө. Гэвч УИХ-д суудалтай намууд хоорондоо ойлголцохгүй, ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй, Төрийн ажлыг гацаах болсон нь эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хойш тавьсан алхам боллоо” гэсэн байна.
С.УУЛ