Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ баталгаажуулж, тангаргаа өргөсний орой нь Төрийн ордон дахь өрөөнийхөө түлхүүрийг хүлээж авчээ. Өчигдөр өглөө анх удаа УИХ-ын гишүүний хувиар ажилдаа ирээд байхад нь Ц.Цолмонтой уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
-УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэж үзээд СЕХ нэрийг тань Ерөнхийлөгчид айлтгачихсны дараа эвслийн зүгээс гурван хүний тангараг өргөх ёслолыг хойшлуулсан. Цэц хэрэв Н.Энхбаяр нарын сонгогдох эрхийг СЕХ зөрчсөн гэж үзвэл та бүхний оронд тэд орж ирэх байсан. Түдгэлзүүлсний дараа танд гишүүн болно гэсэн итгэл байсан уу?
-Цэц ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй учир итгэлтэй байхад хэцүү л дээ. Нөхцөл бүрдээд УИХ-д ор гэвэл орчихно, Цэцэд өргөдөл гаргасан хүмүүс орохоор бол сандраад, гомдоод байх юмгүй. Эвслээс гаргасан жагсаалтаар анхандаа би есдүгээрт байсан. Сонгуулийн үр дүнд жагсаалтаас долоон хүн УИХ-д орохоор болсон. Гэвч жагсаалтад байсан гурван гишүүнийг СЕХ хассан учраас эвслээс тэдний эрх зөрчигдсөн гэсэн гомдлыг Цэцэд гаргая, шийдвэрийг нь хүлээе гэсэн. Энэ шийдвэрийг бид хамтдаа гаргасан. Цэц асуудлыг эцэслэн шийдсэний дараа гурван хүнээс хоёр нь тангаргаа өргөлөө.
-Эцэст нь албан ёсоор УИХ-ын гишүүн боллоо. Тангараг өргөх үед ямар сэтгэгдэл төрснөө хуваалцаач?
-Олон хоног хүлээчихсэн, сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан. Гэхдээ Төрийн далбаанаас адис авч, тангараг өргөх нь баяртай сайхан үйл явдал юм билээ.
-УИХ-ын сонгуулиар ард түмэн хоёр том намд ойролцоо санал өгсөн. Энэ сонгуульд ялалт байгуулсан нь ганцхан “Шударга ёс” эвсэл гэж үзэх хүмүүс байна. Сонгууль ер нь хэр шударга болсон гэж Та үзэж байна вэ?
-Сонгуулийн өмнө манай эвсэл УИХ-д гурван суудалтай байсан. Үүнийгээ 11 болгосон нь том амжилт. Гэхдээ бид үүнээс илүүг хүлээж байлаа. Тэр хэмжээндээ ч санал авсан болов уу. Гэвч сонгуулийн хороонд манай төлөөлөл бага орсон, авсан саналаа хамгаалах чадвар муу байсан. Сонсоод байхад саналын хуудас уншуулахаас өмнө болон дараа нь янз бүрийн л будлиан гарсан юм билээ. Германы нэг судлаач “Манайд хүн бүр сонгуулиа шударга явуулъя гэж боддог. Гэтэл танайд яаж луйвар хийж сонгогдох, яавал надад ашигтай болгох вэ гэж боддог юм байна” гэж хэлсэн нь үнэний ортой.
-Таны энэ өрөөнд өмнө нь Д.Зоригт сайд суудаг байсан. Өрөө хуваарилахад гишүү- дийн саналыг авдаг байх. Та өрөөндөө сэтгэл хангалуун байгаа юу?
-Ардчилал, социализм, эсвэл ямар нэг дарангуйллын систем байхаас үл хамааран хөршөөсөө л доргүй байвал сайхан амьдарч байна гэж боддог гэсэн яриа байдаг даа. (инээв) Бусад гишүүнийхтэй адилхан л өрөө учраас хэлэх зүйл алга. Бид хэд сая хан энэ тухай ярилцсан юм. Финландын Парламентын гишүү ний өрөөнөөс манай хамгийн жижиг өрөө том юм билээ. Үнэндээ УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл. Тиймээс тансаглах нь гол биш. Ажил үүргээ явуулах ширээ, сандал байвал л боллоо.
-Гэхдээ шинэ гишүүд тавилгаа солихоос л ажлаа эхэлдэг шүү дээ?
-Энэ өрөөний тавилга боломжийн юм, ширээ сандалд санаа зовохгүй байна.
-УИХ албан ёсоор 71 гишүүнтэй болсон ч бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байгаа. МАН-ынхан УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэж үзээд бай на. Энэ талаар Та ямар байр суурь тай байна вэ?
-Би өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй. Ажиглаж байхад манайхан өөрсдөө нэг хууль, дүрэм зохиочихоод түүндээ хөтлөгдөөд байх юм. Уг нь улс орноо хөгжүүлэх, Төрийн ажил нэгдүгээрт байх ёстой. Гэтэл МАН-ынхан зөвшилцсөнгүй гэх мэт ялихгүй шалтаг эрээд байна. Нөгөө талаар бүтэн дөрвөн жил УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй явна гэж үгүй. Хэзээ нэгэн цагт орж ирж суух нь тодорхой учраас нэг өдрийн өмнө ч болов Төрийнхөө ажилд оролцох нь зүйтэй. Олонх болоогүй тохиолдолд хамгийн олон суудалтай нь бусад намтай зөвшилцөнө. “Бусад” гэдэг нь хамтрах гэж буй намуудыг л хэлнэ, түүнээс “бүх нам” гэсэн үг байхгүй. Сөрөг хүчин болох гэж буй намтай зөвшилцөх шаардлагагүй. Тиймээс АН зөвшилцлөө хуулийн хүрээнд хийсэн. Гэхдээ одоо үүсээд буй улс төрийн нөхцөл байдалд эерэг тал бас бий. МАН-ынхан Бүлэг байгуулах боломжгүй болчихоод байгаа. Ийм байдлаар дөрвөн жил явбал улс төрд нэг шинэ туршлага болно. Хувь гишүүний байр сууриар ажиллах боломжтой. Нөгөө талаар МАН-ынхан УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй бол 40 гаруй гишүүнтэйгээр ажиллаж болдог юм байна гэдгийг харуулна. Манайх цөөхөн хүн амдаа олдсон УИХ-ын гишүүнтэй гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. Тэгвэл 40 гаруй тооны гишүүн ажиллаж болж буйг харуулж байна.
-МАХН 70, МҮАН 30 гэсэн харьцаатайгаар эвслийг байгуулсан. Хамтарсан Засгийн газраас эвсэлд ногдох дөрвөн сайдад нэр нь дуулдаж буй хүмүүс МАХН-ынх байна. МҮАН-нд энэ квотоос хуваарилах уу?
-70:30 гэсэн харьцааныхаа дагуу МҮАН-д сайдын суудал ногдоно. Гэхдээ нэгэнт бид эвсэл байгуулж, сонгуульд амжилттай оролцсон нэг улс төрийн хүчин болох ёстой учраас квот гол биш. Тухайн албан тушаалд тохирох туршлагатай хүнийг л сонгох учиртай.
-Та өмнө нь сайд хийж байсан туршлагатай. Энэ албыг дахин хаших санал тавибал хүлээж авах уу?
-Гурван ч яаманд дэд сайдаар ажилласан. Гэхдээ анх удаа УИХ-д сонгогдсон учраас эндээ л төвлөрч ажиллах бодолтой байна.
-“Шударга ёс” эвслээс жагсаалтаар олон нийтэд хүлээн зөв шөөрөгдөхгүй хүмүүс бас орж ирсэн л дээ. Тэдний оронд М.Энхсайхан, Н.Удвал, Б.Цогтгэрэл гэх мэт арай тулхтай хүмүүсээ сойх байсан юм гэсэн шүүмжлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор М.Энхсайхан эмнэлэгт байхдаа жагсаалтыг гаргаад Н.Батцэрэгээр дамжуулсан. Н.Батцэрэг дунд нь “ажиллаж”, түүний нэрийг хасаад өөрийнхийгөө оруулсан. Тиймээс л М.Энхсайхан арга буюу Дархан-Уул руу явсан гэдэг яриа гарсан. Энэ ортой болов уу?
-Бид хамт л ажиллаж байсан, тиймэрхүү зүйл болоогүй байх. Харин эцсийн үр дүнг харахад М.Энхсайхан дарга жагсаалтад орол гүй Дархан-Уулд өрсөлдсөн нь буруу байжээ. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй болохоор Архангайд Н.Удвал, Б.Цогтгэрэл, ДарханУулд М.Энхсайхан сонгогдчих байх гэж л тооцсон. Түүндээ үнэмшсэн байсан. Авсан саналаа хамгаалах хүч хүрэхгүй гэдгээ ч тооцоогүй байлаа. Шийдвэр гаргасан хүмүүс алдаа, оноог нь зөв тооцож чадаагүйн буруу л даа.
Нөгөө талаар УИХ бол Төрийн ганц байгууллага биш, бүх сайн нь ийшээ орох ч учиргүй. Энд үндсэн үүргээ биелүүлэхээс гадна шинэ залуу үеэ бэлдэх ёстой. Энэ нь Төрдөө ч, тухайн намдаа ч хэрэгтэй. Өчигдөр О.Баасанхүүтэй зэрэгцэж суугаад ярихад 1975 онд төрсөн, манай хүүтэй чацуу юм билээ. Би 37 настай байхдаа Д.Бямбасүрэн гуайн Засгийн газарт ажиллаад л явж байсан. Тиймээс залуустаа ачаа үүрүүлэх хэрэгтэй. Харин УИХ-д 60-70 насныхан алга. Энэ бол улс төрд хамгийн туршлагатай, буурь суусан, улс орны ирээдүй, үндэсний эрх ашгийн төлөө зүтгэдэг нас. Ийм насныхан ороогүйд л харамсаж байна. Залуус бол байх хэрэгтэй.
-УИХ-ыг гаднаас нь Та олон жилийн турш ажигласан. Шүүмжлэх зүйл юу байсан бэ. Хүмүүс ярьж ярьчихаад өөрөө гишүүн болохоор дотор нь ороод уусчихдаг. Танд ингэхгүй гэх баталгаа байна уу?
-Би ч одоо нэг их залуу хүн биш, өөрийнхөөрөө явж байгаад л дуусах байх. Төрсөн төөрөг, зурсан зургаасаа хазайхгүй явахыг хичээдэг. Хувийн янз бүрийн амбийц зохиочихоод түүнийхээ төлөө ёс суртахуун, хууль ёсыг уландаа гишгэж явахын эсрэг байдаг. Хийх ажлаа төлөвлөгөөтэй, бодолтой хийх ёстой гэж боддог. Энэ зарчмаараа ирэх дөрвөн жилд ажиллана. Парламент ганц танхимтай, баахан эрх мэдэлтэй байдаг. Томилгоо, мөнгө санхүүгийн эрх мэдэл их байгаад шүүмжлэлтэй ханддаг. Энэ байр суурь маань одоо ч хэвээр. Хоёр танхимтай болж, нэг нь нөгөөгөө хянадаг болбол энэ алдааг засаж болно. Мөн олон намын төлөөлөлтэй байхаар УИХ тэднийхээ нөлөөнд хүссэн хүсээгүй ордог. Төрийн дээр нам байгааг бид шүүмжилдэг. УИХ дахь Бүлгүүд бас энэ механизмыг хөгжүүлээд байна. Бүлэг дотор олон байр суурьтай гишүүн байна. Тухайн асуудлаар эсрэг бодолтой байхад л “Бүлгийн байр суурь” гээд хүчээр саналыг нь үгүйсгэдэг.
-Ирэх дөрвөн жилд ямар салбарт илүү анхаарч ажиллах вэ?
-Монголын геополитикийн орчин нөхцөл их өөрчлөгдөж байна. Мэргэжлийнхээ дагуу үндэсний эрх ашгаа хамгаалж ажиллана. Мөн мөрийн хөтөлбөр боловсруулж байхдаа бид “Цөөхөн монголчуудаа бүгдийг ажилтай, орон сууцтай болгоё” гэж байсан. АН-тай хамтраад энэ зорилгоо биелүүлж ажиллана. Энэ чиглэлээр санал санаачилга гаргана. Энэ чиглэлийн Байнгын хороодод орох саналаа гаргасан.
С.ТУУЛ